Улс даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласан эхний гурван өдөр нийслэлд хөл хөдөлгөөн эрс багасаж, өдөрт 10 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцжээ. Гэвч өнөөдөр буюу 11 дүгээр сарын 17-нд хөдөлгөөн эрс нэмэгдэж, 50 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон байна. 

Иймд Улсын онцгой комисс өнөө орой хуралдаж, маргаашаас хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 90 хувиар багасгахаар шийдвэрлэлээ.

Тодруулбал, маргааш буюу 11 дүгээр сарын 18-наас нийтийн тээврийн автобус, хувийн тээврийн хэрэгсэл болон явганаар зорчигчид өглөө 07:00-10.00, орой 17:00-20:00 цагийн хооронд гэрээсээ гарч замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Бусад цагт хувийн машинтай болон явган зорчигчдыг хөдөлгөөнд оролцуулахгүй.

Гэхдээ заасан дээрх цагуудад зөвхөн шаардлагатай иргэд л хүнсээ цуглуулах, эмийн сан орох, ажилдаа явах зэрэг шалтгаанаар хөдөлгөөнд оролцоно. Түүнээс бусдаар хөдөлгөөнд оролцуулахгүй учир гэрээсээ гарахгүй байхыг Улсын онцгой комиссын гишүүд онцгойлон анхааруулав.

Энгийн өдрүүдэд нийслэлд өдөрт 450 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд ордог бол хатуу хөл хорио тогтоосон энэ үед зорчихыг заасан дээрх хугацаанд тэдгээрийн хөдөлгөөнийг 90 хувиар багасгах аж. Бусад цагт хөдөлгөөн бүрэн зогсоно.

Өөрөөр хэлбэл, маргаашаас явганаар болон хувийн автомашинаараа хөдөлгөөнд оролцож буй хүн бүрийг цагдаа, хяналтын байгууллагынхан зогсоож, онцын шаардлагагүй бол гэрт нь буцааж ажиллана. 

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Зөвхөн нийтийн тээвэр гэхгүй хувийн автомашин, явганаар зорчиж буй хүмүүс ч цэгц, нарийвчилсан цагийн хуваарьт орох ёстой. Маргаашаас хөл хөдөлгөөнийг илүү чангатгаж, машин, хувь хүмүүсийг шалгаж, онцын шаардлагагүй тохиолдолд гэрт нь буцаана. Хатуу сахилга бат, зохион байгуулалттай байснаар бидний өмнө нүүрлээд байгаа коронавирусийн аюулыг хамтдаа даван туулна.

Хөл хөдөлгөөнийг 90 хувь хүртэл зогсоосноор тодорхой үр дүнд хүрдэг гэсэн олон улсын тооцоо бий. Үүнийг барьж ажиллахаас өөр аргагүй" хэмээлээ.