“Баялгийг хүн амд хуваарилах болон ард түмний хэрэгцээг хангах тал дээр манай улс дэлхийн аварга юм” гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро Кубын удирдагч Мигель Диас-Канельтай уулзахдаа мэдэгджээ.
 
Венесуэлийн төрийн мэдлийн телевизээр шууд дамжуулсан хоёр улсын удирдагчдын уулзалтын үеэр Мадуро тус улсын төрийн дээд шагнал болох нэгдүгээр зэргийн “Чөлөөлөгчдийн одон”-гоор Диас-Канелийг шагнасан байна.
 
Саяхан явагдаж, Мадуро дахин ялалт байгуулсан Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө тус улс эдийн засгийн хувьд хүндхэн байдалд ороод байсан юм. Олон улсын валютын сангаас саяхан гаргасан илтгэлд тэмдэглэснээр, Венесуэлийн эдийн засаг 2014-2017 онд 35%-иар буурсан бол 2018 онд дахиад 15%-иар буурах төлөвтэй байгаа аж. Тус сангийн урьдчилсан таамаглалаар инфляцийн түвшин энэ онд 13000%-д хүрч магадгүй байна. “Хар зах” дээр ам.долларын ханш лхагва гарагт анх удаа 1 сая боливараас давж, 1,144 сая болжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг