Коронавирусийн цар тахал нь дэлхийн түүхэнд хамгийн том эрүүл мэнд ба эдийн засгийн хямрал хэмээн бичигдэх үлдэх нь гарцаагүй. Үр дүнд нь дижитал шилжилт, инновацийг шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд эрүүл мэндийн халамж болон үйлдвэрлэлийн салбарт нэвтэрч байна. Эдийн засгийн тогтвортой үеэс илүүтэйгээр ийм хямралтай үед л өөрчлөлт хийгдэж, инновацилаг бүтээгдэхүүнүүд мэндэлдэг. Энэ удаад цар тахалтай тэмцэх зорилгоор Стартап компаниудын гаргаж ирсэн инновацилаг шийдлүүд дундаас хамгийн сонирхолтой хэдийг түүвэрлэн танилцуулж байна. Та бүхэн дэлгэрэнгүй танилцана уу.

  1. Хэт ягаан туяаны ариутгалын хоолой

Digi-Key зохион бүтээсэн уг ариутгалын хоолой нь үйлдвэрлэлийн салбарт ажилладаг ажилчдыг хамгаалах, халдвар ариутгалыг мөрдүүлэхэд ач холбогдолтой бүтээгдэхүүн юм. 4.5 метр урттай хэт ягаан туяаны ариутгалын хоолой нь үйлдвэрлэлийн явцад ашиглагддаг жижиг төхөөрөмж, хэрэгслүүдийг ариутгахаас гадна ажилчдыг болзошгүй вирусын халдвараас хамгаалах давуу талтай.

  1. Халдвараас хамгаалах түрхлэг бүхий торон маск

Virustatic shield нэртэй стартапын зохион бүтээсэн маск нь зүүхэд амар, хөнгөхөн, амьсгалахад хүндрэлгүй зэргээрээ давуу талтай. Үндсэн суурь материал болон тусгай давхар бүхий түрхлэг зэргийнхээ хүчээр тус маск нь халдвараас хамгаалах чадамжтай. Лабораторийн шинжээчдийн дүгнэлтээр тус маск нь агаар дуслын замаар халддаг халдвараас урьдчилан сэргийлж чадна.

  1. Colivery platform

Герман улсаас зохион байгуулсан We versus the virus нэртэй онлайн хакатонд түрүүлсэн Colivery нь бусдад туслахыг хүссэн сайн дурынхан болон туслалцаа шаардлагатай байгаа иргэдийг холбодог платформ юм. Энэхүү тус дотор хүнсний дэлгүүрээс юм цуглуулах, эмийн сан орж эмийг нь аваад хүргэж өгөх зэрэг олон зүйлүүд багтдаг. Алгоритмчлэлийн дагуу сайн дурын хүргэлтийн жолооч нарт хамгийн үр дүнтэй, зардал түгжрэл багатай замыг зааж өгдөг.

  1. Corona-Warn аппликейшн

Германы холбооны засгийн газраас гаргасан уг аппликейшны тусламжтайгаар халдвартай хүнтэй ойр хавьталд орсон эсэхийг тандах, хянах боломжтой. Технологийн гол нурууг нь босголцоход Apple, Google зэрэг акулуудын хамтын ажиллагаа орсон байна. Corona-Warn аппликейшн нь Bluetooth ашиглаж, гар утас хэрэглэгчдийг өөр хоорондоо ойртсон эсэх, тэдний ойр хавьтлын хүмүүс халдвар авсан буюу эерэг гарсан эсэхийг хянаж, анхааруулах мессеж зурвас илгээдэг технологийг нэвтрүүлжээ.

  1. Fitbit Flow амьсгалын аппарат

Fitbit-ын зохион бүтээсэн уг амьсгалын аппарат нь бага зардалтай, ашиглахад амар хялбар, яаралтай үед гарын дор төхөөрөмж ажээ. Ковид 19 цар тахлын үед эмнэлгийн салбарынханд хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол хүчилтөрөгчийн аппарат/амьсгалах төхөөрөмж юм. Аль болох ашиглахад амар байдлаар хийсэн тул уламжлалт амьсгалын аппаратыг ажиллуулахад гардаг хүн хүчний оролцоо, туслалцааг бууруулдаг талтай.

  1. Сэтгэцийн эрүүл мэндийн аппликейшн

GG Life нэртэй уг аппликейшн нь коронавирусийн цаг үед хүмүүст сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх зорилготой. Хувь хүний онцлогт зориулан програмчлагдах тохиргоотой учраас маш хүнд хэцүү үед ч гэсэн таны сэтгэл санааг хэвийн байлгах, сэтгэцийн эрүүл мэндийг чинь хамгаалах үйлчилгээтэй. Сэтгэлзүйч санаачилж, судалгаанд тулгуурлан хийсэн аппликейшны тусламжтайгаар хэрэглэгчийн сэтгэлийг засах, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлдэг.

  1. Сингапур улсын теле эрүүл мэндийн зөвлөгөө

Homage нэртэй платформын зүгээс Home Health гэх үйлчилгээг иргэдэд санал болгож байна. Энэхүү үйлчилгээний ачаар гэртээ эмнэлгийн үзлэг захиалах, теле эрүүл мэндийн зөвлөгөө авах, эмээ хүргүүлэх зэрэг боломжууд бий болдог. Хэрэглэгчийн мэдээллийг нэг платформ дээр хадгалснаар өвчтний түүхийг харах, сургалтанд хамрагдах, зөвлөгөөнүүдээ бүртгэлжүүлээд явах, ууж буй эмээ хянах зэрэг эрүүл мэндийн менежментийг санал болгож байна.

  1. AI дээр суурилсан видео конференсинг

Krisp нь дараачийн үеийнхэнд зориулсан дэвшилтэт видео хурлын програм юм. AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан учраас видеоны үеэр бий болдог интершум, шуугиан, дуу чимээ зэрэгт санаа зовох шаардлагагүй. AI дээр суурилсан дууны фильтер, арын фонны дууг бууруулах зэрэг олон үйлчилгээтэй. Хөл хорионы үеэр Krisp нь Chrome Extension дээр өөрийн үйлчилгээг санал болгож, конференс хурлын үеэр ганц товч дараад л дуугаа цэвэр тод болгох сонголтыг өгч эхэлсэн.

  1. Тантай хамт аялах зөөврийн зочид буудал

Cabana нь Ковид 19 цар тахлын үед АНУ-д аялал хийх боломжтой бүхээгтэй тэрэгний түрээсийн үйлчилгээ юм. Зочид буудалд байдаг олон үйлчилгээг агуулсан бүхээгтэй тэрэгнүүдийг үйлчлүүлэгч нартаа санал болгодог. Түрээслэгч нь тус машинд эрх чөлөө, тухтай байдал, тав тух зэргийг мэдэрч, хүссэн аяллаа хийж, цар тахлаас бага ч атугай холдох, сэтгэл санаагаа өргөх боломжтой.

  1. Гар угааснаа хянах төхөөрөмж

PathSpot нэртэй сканнер нь гараа хэрхэн үр дүнтэй угаасныг шалгах төхөөрөмж юм. Хүн гараа тус төхөөрөмж дотор байршуулахад дэлгэц дээр таны гарын бохирдлын мэдээлэл гарна. Гар угаах процессыг сайжруулах, чанаржуулахад ихээхэн ач холбогдолтой тус бүтээгдэхүүн нь ресторан, зочид буудлын бизнест хамааралтай гэж болно.

  1. AI-д суурилсан аюулгүй хүнсний хүргэлт

Refraction AI нь хоол хүнсний бүтээгдэхүүнийг захиалагчид хүргэхдээ аюулгүй тээвэр буюу робот ашигладаг платформ юм. REV-1 нэртэй хүргэлтийн робот нь хүргэлтийн ажилтантай маш бага контакт үүсгэж, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэнэ. Ингэхдээ машин болон дугуйн замыг аль алиныг нь ашиглах эрхтэй бөгөөд цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллах боломжтой.


  1. Зөөврийн фитнесс

OYO Fitness нь зөөврийн фитнессийг бий болгож, хэрэглэгчид гэртээ бүх төрлийн спортоор хичээллэж, булчингаа ачааллуулах боломжийг өгч байна. SpiraFlex технологийн тусламжтайгаар хэрэглэгчид дасгал хийхдээ ялгаатай жингүүдийг ашиглаж болно. Үүн дээр нэмэгдээд төрөл бүрийн дасгалын програм, хичээлүүд, сорилтууд гээд тус зөөврийн фитнесс нь гэрээс дасгал сургуулилалт хийж, биеэ чийрэгжүүлэхийг шинэ төвшинд гаргах нээ.

 

Мэдээлийг орчуулж боловсруулсан Д.Жаргалсайхан.

Эх сурвалж – https://www.itonics-innovation.com/

Энэ мэдээллийг хуваалцах