Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цартахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Ковид-19 халдварт цар тахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургуулийг 2020 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Дадлага сургууль 3 үе шаттайгаар зохион байгуулагдана. Үүнд:

Нэгт, “Коронавирусын халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт команд штабын сургуулийг зохион байгуулж, коронавируст халдварын тохиолдолдсон үед авах арга хэмжээний талаар төрийн болоод олон улсын байгууллагын хамтын ажиллагааг хэлэлцэх юм.

Хоёрт, “Коронавирусын халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулийн хүрээнд Буянт-Ухаа спортын ордныг түшиглэн эмнэлгийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх 300 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд 100 ортой эмнэлгийг дууриалган үзүүлэх бол ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг дэлгэх юм.

Гуравт, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох дадлага сургуулийг хийнэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.