Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 16.416.000 хүн өвчилж, 655.000 хүн энджээ. Нийт 10.173.000 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 254.000 хүн коронавирусээр өвчилж, 5.000 гаруй хүн нас барсан байна.

ДЭМБ-ын өчигдрийн хурал дээр ДЭМБ-ын Ерөнхий захирал "Коронавирусийн цар тахал долоон сар гаруй хугацаанд үргэлжилж, дэлхийг ихээхэн өөрчиллөө. Эерэг, сөрөг үр дагавар авчирлаа. Бид коронавирусийн талаар маш их зүйл сурч мэдсэн ч одоо ч суралцсаар байна. Хэдийгээр асар их зүйл хийсэн ч асар хүнд ирээдүй бидний өмнө байна. Гэхдээ гараа сайн угаах, амны хаалт зүүх, хоорондоо зай барих зэрэг зөв дадал, хандлагыг хүн нэг бүр хэрэгжүүлбэл бид өөрчлөлтийг авчирч чадна. Ирээдүй бидний гарт байна" хэмээсэн. 

Автралийн эрдэмтдийн хийсэн амны хаалтыг харьцуулсан судалгаагаар мэс заслын буюу нэг удаагийн амны хаалт нь коронавирусээс сэргийлэх хамгийн үр дүнтэй хамгаалалт гэдгийг дахин баталсан байна. Харин даавуун амны хаалт нь коронавируст өртөх эрсдлийг бууруулна гэж дүгнэжээ.

Ирак улсын судлаачид коронавирустэй холбоотой мэдээллийг цахим орчноос их авч, цахим орчимд олон цагийг өнгөрөөх нь сэтгэцийн эмгэгт өртөх аюулыг нэмэгдүүлж буйг тогтоосон байна.

Мөн Бостоны эмнэлгий судлаачид коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдэг илрэхээс өмнө вирус биеэс их хэмжээгээр ялгарч, бусад хүнд халдвар тараах хамгийн өндөр эрсдэлтэйг тогтоожээ" хэмээн мэдээллээ.

Манай улсын хувьд дотооддоо коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа ч иргэд олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүхгүй байна гэсэн шүүмж, мэдээлэл шуурхай-119 дугаарын утсанд олон ирж байна. Иймд иргэд амны хаалтаа зүүж, тогтмол гараа угааж, хүн хоорондын зайг барих шаардлагатайг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Мөн Хонконг зэрэг бусад оронд амны хаалт зүүх, түүнд тавих хяналтыг нэмэгдүүлж буй аж.