Энэ оны 7 дугаар сарын 24-нд Япон улсын Токио хотноо эхлэх байсан "Токио-2020" зуны олимпын наадмыг нэг жилээр хойшлууллаа.

Шинэ коронавирусийн халдвар дэлхийн хэмжээнд эрчтэй тархаж, цар тахалд хүрч буй энэ үед тус олимпыг хойшлуулж магадгүй гэсэн таамгийг олон нийт дэвшүүлээд байсан юм.

Уг асуудлаар Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Олон улсын олимпын хороо /ОУОХ-/ны Ерөнхийлөгч Томас Бах нар өчигдөр орой утсаар зөвшилцөж, олимпыг нэг жилээр хойшлуулах шийдэлд хүрчээ. Олимп 2021 онд болох ч "Токио-2020" нэртэй байх аж.

Энэ талаар "Токио-2020" олимпыг зохион байгуулагчид болон ОУОХ-ноос хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

Тус мэдэгдэлд "Covid-19 халдварын дэгдэлт урьд өмнө нь байгаагүй хэмжээнд хүрч, дэлхийн олон оронд нөхцөл байдал дордож байна. Энэ талаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюсус "Covid-19 халдвар хурдтай тархаж байна. Одоогийн байдлаар халдвар авсан хүний тоо 375.000-ыг давлаа. Тэдний тоо цаг тутамд нэмэгдсээр байна" хэмээн мэдэгдсэн. Уг нөхцөл байдлыг үндэслэн ОУОХ-ны Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд нар Токио хотноо болох XXXII Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах нь зүйтэй гэж үзэж, 2021 оны зохион байгуулахаар боллоо" гэжээ.

Улмаар Токиогийн олимпыг эхлэх хугацаанаас нь 122 хоногийн өмнө албан ёсоор хойшлууллаа.