Шинэ коронавирусын халдварын тархалтын байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар "Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар дэлхий дахинаа тус вирусээр 4474 /БНХАУ-д 4439/ хүн өвчилж, 106 хүн /бүгд БНХАУ-д/ нас барж, 63 хүн эдгэрчээ. Халдвар авсан байж болзошгүй, онош тодруулах шатанд явж буй 5796 хүн БНХАУ-д байна. 

Монгол Улсад шинэ коронавусийн халдвар бүртгэгдээгүй. Энэ сарын 09-27-ны хооронд нийт 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан, шинжилсэн. Өгүүлэмж нь БНХАУ-аас ирсэн, халуурсан хүмүүс байсан. 4 хүнээс нь томуугийн А хүрээний H3N2 вирус илэрч үгүйсгэгдсэн. 

Шинэ коронавирусын халдварын талаар үнэн, баттай мэдээлэлтэй, цөөн эх сурвалжаас мэдээлэл авахыг иргэдэд уриалж байна. Монгол Улсын хувьд Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам, гадаад улсуудын хувьд ДЭМБ, БНХАУ-ын Эрүүл мэндийн яам,  БНХАУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төв, БНХАУ-ын Синхуа агентлаг гэсэн 4 эх сурвалжаас баттай мэдээлэл аваарай.

Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол илэрсэн гэснийг албан ёсоор үгүйсгэсэн. Одоо халуурсан, уушгины хатгалгаа туссан, хатгалгааны улмаас нас барсан тохиолдлуудыг нягталж байна. Халуурсан нь Хонконгоос ирсэн хоёр оюутан, Өмнөговь, Булган, Хэнтий гэсэн тохиолдлуудыг тодорхойлохоор ажиллаж байна. Шинжилгээний хариу гарахаар мэдээлнэ. Оношлуур өчигдөр Японоос ирсэн. ХӨСҮТ-д ашиглаад эхэлсэн" хэмээлээ.