Ухань хотын Төв эмнэлэгийн нүдний эмч Ли Вейнлиан нь коронавирусийн талаарх хамгийн анхны мэдээллийг нийгмийн сүлжээ Weibo-д түгээсэн хүн юм. Ийнхүү үзэл бодлоо хэлснийхээ төлөө тэрээр хавчигдаж, байцаагдан дахин энэ төрлийг мэдээллийг тараавал шүүхэд дуудагдана хэмээн ам өчиг өгсөн албан бичигт хүртэл гарын үсгээ зуржээ.

Тухайн үед түүнтэй хамт найман хүн худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр байцаагдаж байсан талаараа ч тэрээр өөрийнхөө цахим хуудастаа бичиж үлдээжээ.

Ли эмч 2003 онд гарсан SARS-ийн дэгдэлтийн үед ажиллаж байсан туршлагатай эмч аж. Иймээс тэрээр уг вирус нь үүнтэй төстэй байгааг анзаарсан байна. Түүний ажигласан тохиолдлууд цөм Ухань хотын далайн хүнсний захад ажилладаг нь ч анхаарлыг нь татжээ. Ингээд Ли эмч мэргэжил нэгт нөхдөдөө халдварын дэгдэлтээс сэргийлэхийн тулд хамгаалалтын хувцас хэрэглэхийг групп чатад зөвлөсөн юм.

Хятадын нийгмийн сүлжээний орчинд иргэд эмчийнхээ хувьд үнэнийг илчилж, зоригтой дуугарсан түүнийг шүгэл үлээгч хэмээн хүндэтгэж олон зуун мянган хүн эмгэнэл илэрхийлжээ. Мөн улсын мэдээлэл задруулсан Ли Вейнлианд хатуу хандаж байсан эрх баригчдаас уучлал гуйхыг шаардсан байна.

Ли эмч халдварын голомтот ажилласан гэдгээ мэдэж байсан учраас өдөр бүр шинжилгээ өгч, өөрийгөө хянаж, тэрхүү мэдээллээ Weibo-д хуваалцаж байжээ. Гэвч коронавирусийн халдварын улмаас амь насаа алдсан юм.