Коронавирусийн Монгол дахь нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр оношлуурын талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар тархсан цагаас манай улсын эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлаа хангаж ажилласан. Үүний нэг нь оношлуурын асуудал. Тухайн үед анх Японд оношлуур гарахад Монгол Улс бусад орноос хамгийн түрүүнд авч, хүмүүсээ оношлох арга хэмжээг авсан. Энэ цагаас Засгийн газар, ДЭМБ, хандивлагч орнуудын тусламжтайгаар оношлуурын хангалт хийсэн. Иймд оношлуурын хувьд хангалттай нөөцтэй байгаа. Оношлуурын ээлжит нэмэлт татан авалтыг тусгай үүргийн онгоцоор тогтмол хийж байгаа. Өчигдөр бас ирсэн.

Оношлуур, эм, вакцин нь тусгай хадгалалтын горим шаарддаг, хадгалах хугацаа богино байдаг учир хэт олноор авч нөөцлөх боломжгүй. Ингэж нөөцөлбөл эдийн засгийн хохиролтой бөгөөд оношлуурыг хэрэглэхгүй устгах аюултай.

Иймд бид ойр ойрхон хангалтаа хийдэг. Одоо ч энэ зарчмаараа явж байна. Коронавирус гарсан цагаас оношлуурын хомсдолд орж, хүмүүсийг шинжлэхгүй байсан тохиолдол байхгүй" хэмээлээ.