Дэлхий дахинд тархаад буй коронавирусийг эмчлэх төгс арга хараахан гараагүй. Харамсалтай нь ямар ч үр дүнгүй зөвлөгөөд олон нийт итгэх болжээ. Эдгээр зөвлөгөө уг вирусийн үед үр нөлөөгүйгээс гадна зарим нь хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулж болзошгүйг эрдэмтэд сануулж байна.

Нийгмийн сүлжээгээр хамгийн их хандалттай байсан эрүүл мэндийн зөвлөгөөг эрдэмтэд хэрхэн үзэж байна вэ?

1. Сармис #covd19 халдвараас сэргийлэхгүй

Нийгмийн сүлжээнд тэр дундаа фэйсбүүкэд #covd19 халдвараас сэргийлэхийн тулд сармис идэхийг зөвлөсөн пост хангалттай их хөвөрсөн. Тэгвэл ДЭМБ-аас уг мэдээллийг үгүйсгэжээ. Энэхүү мэдээлэлд сармис нь зарим бичил биетний эсрэг үйлчилгээтэй эрүүл хүнс гэдэг нь нотлогдсон хэдий ч шинэ төрлийн коронавирусээс хамгаална гэсэн нотолгоо байхгүй гэдгийг албан ёсоор зарлаад буй.

Сармисыг халдвараас сэргийлнэ гэсэн мэдээг уншсан нэгэн эмэгтэй 1,5 кг сармисыг түүхийгээр нь идсэн байна. Тэрбээр хэт их сармис идэснээс болж хоолойгоо түлж хүчтэй үрэвслүүлэн эмнэлэгт хүргэгдсэн талаар The South China Morning Post дурджээ.


2. Шидэт эрдэс вирусийг анагаахгүй


Алдартай YouTuber Жордан Сатер дагагч нартаа шидэт эрдэс бүхий хүнсний нэмэлт тэжээлийг зөвлөсөн. Ингэхдээ MMS нь #covd19 халдвараас сэргийлж чадна хэмээн ярьжээ.  Тэрбээр уг бүтээгдэхүүнийг коронавирусийн дэгдэлтээс ч өмнө хавдрын эсрэг үйлчилгээтэй хэмээн сурталчилж байсан аж. Уг бүтээгдэхүүн цайрын давхар исэл цайруулагч бодисын агууламжтай.

Энэ бүтээгдэхүүний талаар АНУ-ын Хүнс болон эмийн асуудал эрхэлсэн газраас (the FDA) өнгөрсөн жил сануулга гаргаж, эрүүл мэндэд хортой хэмээн сануулж байжээ. Энэ удаад ч мөн энэхүү бүтээгдэхүүн нь ямар нэгэн өвчнийг анагаадаг талаар судалгаа байхгүй, ууснаар бөөлжих, зүрх судасны өвчин сэдрэх, суулгалтын шинж тэмдэг илэрч болзошгүйг анхаарууллаа.

3. Гэртээ хийсэн гар ариутгагч үр дүнгүй

Гараа тогтмол угааж, гар ариутгагч бодисоор ариутгахыг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөөд буй. Тэгвэл энэхүү мэдээллийн дараа гар ариутгагч хомсдож эхэлсэн тул нийгмийн сүлжээнд гар ариутгагчийг гэртээ хийх жор нийтлэгдсэн билээ. Эрдэмтдийн үзэж буйгаар энэхүү жор нь гадаргууг л ариутгахад тохиромжтой, харин арьсанд хэрэглэх нь тохиромжгүй юм. Гадаргууг цэвэрлэж ариутгахад бидний өдөр тутамдаа хэрэглэдэг цэвэрлэгээний бодис хангалттай аж. Спирт агуулсан гар ариутгагч гель нь ихэвчлэн спиртийн 60-70 хувийн агууламжтай бөгөөд зөөлрүүлэгч бодистой байдаг.  

4. Япон эмчийн 15 минут тутамд ус уух зөвлөгөө үгүйсгэгдэв

Фэйсбүүк хуудаст япон эмчийн 15 минут тутамд ус ууж байх зөвлөгөө хамгийн олон шэйрлэгдсэн. Зөвлөгөөд 15 минут тутамд ус ууснаар вирус устгагдах аж. Уг зөвлөгөөг профессор Влүүмфэйлд үгүйсгэж ямар ч үр дүнгүй хэмээн баталлаа. Тэрбээр "Агаараар, амьсгалын замаар коронавирус халдах учраас ус уух нь сэргийлэх ямар ч боломжгүй" гэлээ. Гэхдээ ус уух нь эрүүл мэндэд ач тустайг үгүйсгээгүй болно.

5. Нян халуун орчинд тэсвэргүй ч гэсэн...

Шинэ төрлийн коронавирус халуун тэсвэргүй учир уг вирусийг устгахын тулд халуун усанд орох, үсээ сэнсээр хатаах, биеэ наранд шарах зэрэг янз бүрийн мэдээлэл гараад буй. Тэр бүү хэл зайрмаг идэхээс зайлсхийхийг зөвлөсөн юм. 

Тэгвэл профессор Влүүмфэйлд энэхүү мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр вирус хүний биед нэг л орсон бол түүнийг устгах ямар ч боломжгүй. Үүнтэй таны биеийн дархлаа л тэмцэнэ. Хэрэв биеийн гаднах халуунаар вирусийг устгая гэвэл 60 градус хүртэл халуунтай байх шаардлагатай. Энэ нь ямар ч саун, ваннаас халуун гэсэн үг гэжээ. 


Эх сурвалж: BBC Monitoring