Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог УИХ-д байгуулсан.

Тус түр хороо өнөөдөр хуралдаж, коронавирусийн нөхцөл байдлын талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийв. Энэ үеэр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт халдвартай тэмцэхэд зориулж 12 төрлийн багц арга хэмжээг авч  хэрэгжүүлснээс төсөвт тусаж буй ачаалал нь 2.4 их наяд төгрөг байна. Төсөв захирагч нарын хоорондын зохицуулалтаар хүүхдийн мөнгөнд шилжүүлэг хийх зайлшгүй шаардлага үүссэн. Мөн Ажлын хэсгээс Засгийн газрын хийгдэж буй төрийн жинхэнэ албан тушаалын томилгоо хууль зөрчөөгүй хэмээлээ.

УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ дэлхийд 21 хоногийн тусгаарлалттай улс орон алга байна гээд тусгаарлалтын 21 хоногийг яаж тооцож гаргасан талаар, мөн хандив, тусламжаас даргалах бүрэлдэхүүн бие биенээ урамшуулж буй учир хандив, тусламжийн зарцуулалтын талаар тодрууллаа. Түүнчлэн халдвараас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийн биелэлтийн талаар тодруулж, иргэд амны хаалт хэрэглэх ёстой юу, үгүй юу гэдгийг нэгмөр болгох талаар санал хэлэв. 


Т.Мөнхсайхан: 21 хоногийн тусгаарлалт нь дотооддоо халдвар алдахгүй байх нэг нөхцөл болно

Гишүүний асуултад хариулахдаа Шадар сайд Я.Содбаатар Улсын онцгой комисст цугласан хөрөнгийн зарцуулалт ил тод нээлттэй болсон талаар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дэлхийн улс орнуудад 14 хоногоос дээш хугацаанд халдвар илэрч буй учир тусгаарлалтын 21 хоногийг мөрдөж байгаа талаар тоо баримттай танилцуулав. Тэрбээр мөн 21 хоногийн тусгаарлалт нь дотооддоо халдвар алдахгүй байх нэг нөхцөл болно гэлээ.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин,хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун халдварыг дотооддоо алдаагүй гэдэгт итгэдэггүй хүний нэг гэсэн байр сууриа илэрхийлээд өнгөрсөн өвөл манай улсад маш хүнд ханиадны дэгдэлт үүссэн. Ханиадны шинж тэмдэг коронавируст халдварын шинж тэмдэгтэй адилхан байсан. Халдвартай нь тогтоогдож, эмчлүүлсэн Франц иргэн манай улсад ирээд олон хүнтэй уулзсан, гэтэл халдвар тархаагүй. Монгол хүмүүст ханиадны дархлаа байгаа юм биш биз гээд танин мэдэхүйн талаас хариулт хүсэв. Х.Болорчулуун гишүүний асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол Улс халдварыг дотооддоо алдаагүй гэдэг нь тогтоогдсон. 

Өнгөрсөн оны 12, 1 дүгээр сард дэгдсэн ханиадаар өвчилсөн хүмүүсийн дунд дараа нь эсрэг бие тодорхойлох шинжилгээ хийж тандалт явуулахад эсрэг бие үүсээгүй хариу гарсан. Коронавирусыг ямар нэгэн байдлаар ханиад гэж авч үзэж болохгүй, нас баралт өндөртэй, аюултай халдвар. Франц иргэнээс халдвар дамжаагүй нь халдвар хамгааллын дэглэм сайн сахисантай холбоотой гэж ойлгож байгаа хэмээн хариулав.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга  М.Оюунчимэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагын орлогыг хамгаалах чиглэлээр ажлын байр хадгалах, жижиг аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлогын арга хэмжээ болон хил, гаалийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. 

Дээрх асуултад Шадар сайд Я.Содбаатар аль болох бизнес эрхлэгчдээ, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж буй талаар мэдээлэл өгөөд, зарим улстай залгаа хилээ хаасан талаар хариулав. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд улс хоорондын тээврийн жолооч нараас өдөртөө 1-2 халдвар илэрч байгаа учир эрсдэл өндөр хил, гаалийг хаасан талаар танилцуулсан бол Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт жижиг аж ахуйн нэгжүүдийг дэмжих үүднээс татварын алданги, торгуулиас нэг удаа чөлөөлөх зэрэг бодлогын арга хэмжээг авч ажиллаж буй талаар мэдээлэл өглөө.

Голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад 5 сая төгрөгийн урамшуулал олгосон

Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан халдвар хамгааллын нэг удаагийн хувцас хэрэглэл, ариутгалын бодисын нөөц хангалттай. Хил, гааль дээр ажиллаж буй нийт албан хаагчдад илүү цагийн хөлс, урамшууллыг олгох ёстой хэмжээгээр нь олгож байна. Голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад 5 сая төгрөгийн урамшуулал олгосон. Өнөөдрийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл авсан, үйлдвэрлэсэн вакцин байхгүй учир худалдан авах гэрээ хэлцэл хийгдээгүй гэв. 

Шадар сайд Я.Содбаатар хүнд, хортой нөхцөлд, голомтод ажиллаж, өвчтэй хүнтэй шууд харьцаж байгаа албан хаагчдад цалин нэмэгдүүлэх, илүү цагийн хөлс, урамшуулал олгох, орон сууцанд хамруулах зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа гэв.


Вакцин худалдан авахад зориулж 50 сая ам.долларын санхүүжилтыг шийдэж байгаа

УИХ-ын гишүүн, “Зөв хүн электорат” эвслийн төлөөлөл Т.Доржханд халдварыг дотооддоо алдсан тохиолдолд ажиллах нөөц төлөвлөгөө байгаа эсэхийг болон вакцин гарчихвал худалдан авах эх үүсвэр, хөрөнгийн талаар тодруулав. Энэ асуултад Шадар сайд Я.Содбаатар нөөц төлөвлөгөө байгаа. Халдвартай тэмцэх стратеги төлөвлөгөөг ч баталсан. Манай улсыг нөхцөл байдлыг зөв үнэлж, төлөвлөж буй талаар олон улсын хурал цуглаануудад тэргүүн туршлага болгон ярьж байна. Халдварыг дотооддоо алдвал хэчнээн ор дэлгэх, хэчнээн эмч, ажилтан ажиллах, аль бүс нутагт гарвал хэрхэн ажиллах гээд бэлэн байдлыг хангасан. 

Хүн амын нэг хувьд тархвал хэрхэн ажиллах стратеги төлөвлөгөө ч баталж, практик дээр шалгасан гэж хариулав. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан вакцин гарвал худалдан авахад зориулж 50 сая ам.долларын санхүүжилт Сангийн яаман дээр яригдаад, шийдэгдэж буй учир вакцин гарлаа гэхэд богино хугацаанд авч, иргэдээ хамруулах төлөвлөгөө гарсан талаар,  Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт вакцин худалдаж авах орнуудын дөрөвдүгээрт манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүсэлтээ өгсөн учир вакцин гарахад харьцангуй хурдан асуудлаа шийдээд явах боломжтой талаар хариулт өглөө.

Гишүүд асуулт асууж, хариулт аван, санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа хуралдаан даргалагчийн зүгээс Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг Түр хороогоор тогтмол хэлэлцэж байх болно гэдгийг тодотгож хэлснээр хуралдаан өндөрлөв.

Тус Түр хороог УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахалж, гишүүдэд Байнгын хороодын дарга нар, мөн Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөлөл буюу Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Бейсен, “Та бидний эвсэл”-ийн төлөөлөл С.Ганбаатар, “Зөв хүн электорат” эвслийн төлөөлөл Т.Доржханд, бие даагч Н.Алтанхуяг нар багтсан байна.



Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс