Дэлхий дахинд шинэ коронавирусын халдвараар олон хүн өвдөж буйтай холбогдуулан тус вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. 

Коронавирусын халдвараас сэргийлэх зөвлөмж:

  • Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
  • Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
  • Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;
  • Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
  • Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
  • Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
  • Түүхий ус уухгүй байх;
  • Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
  • Арьс, салстаа гэмтээхгүй байх;
  • Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
  • Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
  • Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
  • Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
  • Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

Манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч хилтэй ойр буюу БНХАУ-ын Өвөр Монголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх хүрээнд их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, олон нийтийг хамарсан бүхий л арга хэмжээг гуравдугаар сарын 02-ныг хүртэл зогсоосон. Мөн энэ сарын 30-ны дотор хилийн боомтуудыг хаах, Ухань хотод буй монгол иргэдийг татан авахаар ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 13:40 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусын халдвараар 2012 хүн өвчилж, 56 хүн нас барсан, 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарчээ.