БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотын далайн бүтээгдэхүүний хүнсний захаас цуглуулсан орчны сорьцоос “2019-nCoV” коронавирус илэрсэн талаар тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд мэдээлжээ. Мөн уг вирус зах дээр худалдаалж байсан зэрлэг амьтдаас үүдэлтэй болохыг тогтоожээ.

Иймээс шинэ төрлийн коронавирус тархалт зэрлэг амьтдын худалдаанаас ихээхэн хамааралтай байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзжээ. Энэхүү зэрлэг амьтдын захад чонын бэлтрэг, үнэгэний гавар, коала баавгай, тогос, матар, сарьсан багваахай, могой зэрэг амьтныг зардаг байсан юм.

Худалдаачид энэхүү газар эдгээр амьтдыг ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд газар дээр нь төхөөрдөг нь уг вирус тархах шалтгаан болсон аж. Иймээс уг зэрлэг амьтны захыг буулгаж газартай тэгшилж, ариутгасан байна. Мөн Хятад дахь амьтан зардаг захуудыг түр хугацаагаар хааж, зэрлэг амьтдын хууль бус худалдааг цэгцэлэхээр болжээ.

Уг вирус анх тус худалдааны төвд ажилладаг ажилтнууд өвдөж эмнэлэгт хандсанаар бүртгэгдсэн юм.