Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн н.Ариунтуяа "Коронавирусын тохиолдол дэлхийн хэмжээнд нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар 17.900 тохиолдол бүртгэгдсэн. Нас баралтын тоо 45-аар нэмэгдсэн ч, нас баралтын түвшин 2.1 хувь буюу хэвээр байна. Өчигдрийн байдлаар БНХАУ-аас гадна ОХУ-д 2, Шведэд 1, Испанид 1, Англид 2 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагаар нэмж халдвар авсан улс бүртгэгдээгүй.

БНХАУ-аас гадна нас баралтын анхны тохиолдол Филиппин улсад мэдээллэгдсэн. Тус хүн нь анхны батлагдсан тохиолдлоос хавьтлын хэлбэрээр халдвар авсан гэдгийг тухайн улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Мөн БНХАУ-аас гадна эрүүл мэндийн ажилтан халдвар авсан анхны тохиолдол Францад бүртгэгдлээ. Энэ нь эмнэлгийн халдвар хамгааллын дэглэм, нөөцийг бүрдүүлэх, түүнийг зөв хэрэглэх болон хувийн дэглэмтэй холбоотойг анхааруулж байна" хэмээлээ.