Баруун жигүүрийн үзлийг түгээдэг Брэйтбар мэдээллийн агентлаг эмч нарын чичрэг өвчний эсрэг үйлчлэлтэй гидроксихлорохин нь коронавирусийг эмчилдэг гэж баталсан худал мэдээлэл бүхий агуулгатай бичлэгийг цацаж, даруй 17 сая хандалт аваад байхдаа Фэйсбүүк платформоос устгагджээ. 

Бичлэгт өөрсдийгөө коронавирустэй тэмцэж байгаа эмч нар хэмээн танилцуулсан хэсэг хүмүүс Капитол Хиллийн шатан дээр зогссон байх ба Хьюстонд ажилладаг эмч гэх Стэлла Иммануэлээр ахлуулсан байсан юм. Тэд "чичрэг өвчний эсрэг эмийн үр нөлөөг үгүйсгэж байгаа нь хуурамч шинжлэх ухаан" хэмээн тайлбарлажээ.

Стэлла Иммануэлийн баталж буйгаар тэрээр өөрийн 2005 онд хийсэн Эрүүл мэндийн үндэсний институтээс нийтэд танилцуулагдсан Хлорохин буюу гидроксихлорохиний илүү хүчтэй хувилбарт хийсэн туршилтаас дүгнэхэд уг эм нь коронавирусийг эсийн түвшинд тарахаас сэргийлж чадна хэмээжээ.

Мөн тэрээр өөртөө болон өөрийн ажилтандаа урьдчилан сэргийлэх зорилгоор гидроксихлорохин тарьсан бөгөөд коронавирусийн халдвартай 300 гаруй өвчтөнд тарьсан, нэг нь ч үхээгүй гэж мэдэгджээ. 

Гэвч өнгөрсөн сард Эрүүл мэндийн үндэсний институтээс тус эмийн клиникийн шинжилгээг зогсоожээ. Судалгаагаар ямар ч гаж нөлөөгүй байсан боловч коронавирусээр өвчилж, эмнэлгийн асаргаанд байгаа хүнд тус болно гэж үзээгүй гэнэ.  Түүнчлэн тус институтийн зүгээс эмийг коронавирусийн эсрэг ашиглахгүй байхыг зөвлөжээ.

Фэйсбүүкийн олон нийтийн харилцааны албаны дарга Энди Стөүнийн хэлж буйгаар "Коронавирусийн эмчилгээний талаар худал мэдээлэл тараасан" гэсэн үндэслэлээр дээрх бичлэгийг устгасан гэв. Гэсэн ч тухайн бичлэгийн хэсгүүд нь мягмар гарагийн өглөө гэхэд твиттер хуудаснаа байршсаар байсан ба устгагдахаас нь өмнө Доналд Трамп ч өөрийн хуудаснаа нийтэлсэн байжээ.

Өнгөрөгч 5 дугаар сард Доналд Трамп ч хоёр долоо хоногийн тунгаар урьдчилан сэргийлэх зорилгоор гидрроксихлорохиныг тариулсанаа хэлж байсан. 

Одоогийн байдлаар коронавирусийн эсрэг вакцин гараагүй байгаа ба ирэх жилээс л хангалттай хэмжээгээр вакцин үйлдвэрлэгдэх тооцоо байгаа. Гидроксихлорохинийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын Хүнс ба эмийн хяналтын газраас ч коронавирусийн эсрэг ашиглаж болно гэж мэдэгдээгүй бөгөөд зүрхний хэм алдагдахад хүргэх аюултай гэж байгаа юм.


Эх сурвалж: Forbes