Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "8 дугаар сарын 10-нд нийт 504 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 7 дугаарын сарын 17-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ, 7 дугаар сарын 22-нд Автралийн онгоцоор ирсэн Оюутолгойн ажилчид бүхий 48 хүний шинжилгээ, эмнэлгүүд болон тусгаарлагдах байруудад тусгаарлагдан ажиллаж буй  32 эмч, ажилтны шинжилгээ, эдгэрээд сувилалд байгаа 43 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд байгаа 11 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлагдсан 70 хүний шинжилгээ, Сэлэнгэ, Замын-Үүдэд тус тус тусгаарлагдсан нэг хүний шинжилгээг хийсэн. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

Монгол Улсад коронавирусийн нийт 293 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 263 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 44 нь сувиллын ажиглалтад, 26 нь гэрийн ажиглалтад байна. 193 хүний гэр, сувиллын ажиглалт, тандалтын хугацаа дууссан. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 52 хүн ажиглалт, тусгаарлалт, эмчилгээнд байна. Эрчимт эмчилгээний тасагт тусгаарлагдан хэвтэж байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд эмчилгээ үргэлжлэн хийгдэж байна" хэмээлээ.