Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 6.823.000 хүн өвчилж, 387.000 хүн нас баржээ. 

Нийт 3,3 сая хүн эдгэрч, уг өвчний улмаас 3,3 сая хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд шинээр 134.000 хүн, манай хойд хөрш ОХУ-д 8.726 хүн шинээр коронавирусээр өвчилсөн. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 48-95 тохиолдлоор нэмэгдэж, өвчлөлийн эрч буурахгүй, тууштай нэмэгдэх хандлагатай байна. 

Манай улсын хувьд өчигдөр шинээр 5 хүн ажиглалтад орж, 252 хүн ажиглалтаас гарсан. Одоо 1280 хүн тусгаарлагдан ажиглагдаж байна. Архаг хууч өвчтэй 47 хүнд 35 их эмч, 45 ресидэнт эмч тусгаарлах байранд ажиллаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

ЗӨСҮТ-ийн хоёр баг өчигдөр хоёр буудалд эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн. 

Мөн төмөр замын эмнэлгийн 12 эмч орон нутгийн 16 галт тэргэнд ажиллаж, 5400 хүнд тандалт судалгаа хийсэн. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.

Сүүлийн 24 цагт 119 дугаарын утсанд 204 дуудлага ирсэн. Гадаадад буй иргэдэд зориулсан Шуурхай-119 аппликэйшнаар АНУ, ОХУ, БНСУ, Турк улсаас 6 монгол иргэн холбогдож, коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсан

Худалдаа, үйлчилгээний газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт муу хийж байна гэсэн шүүмж, сэрэмжлүүлэг иргэдээс их ирж байна. Ялангуяа томоохон захуудын бие засах өрөөнд гар халдваргүйжүүлэлт байхгүй, угаах орчин бүрэн биш байна гэж байна. Иймд Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна. Иргэд мөн шаардах хэрэгтэй" хэмээлээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн нийт 191 тохиолдол бүртгэгдсэнээс 71 нь эдгэрчээ.