Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 5.381.000 хүн өвчилж, 343.000 хүн нас барсан байна. 

Сүүлийн 24 цагт 93.000 хүн коронавирусээр өвчилсөн. Манай улсын хойд хөрш ОХУ-д 24 цагийн хугацаанд 9.434 хүн шинээр өвчилсөн. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 34-95 тохиолдлоор нэмэгдэж, тархалт эрчтэй хэвээр байна.

Монгол Улсад коронавирусийн нийт 141 тохиолдол зөөвөрлөгдөн ирж бүртгэгдсэн. Тэдгээрийн 32 нь эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан. Одоо ХӨСҮТ-д 109 хүн эмчлүүлж байна.

Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд Төмөр замын эмнэлгийн 12 их эмч ажиллаж, 4656 хүнд коронавирус илрүүлэх тандалт, судалгаа хийсэн. Сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Сүүлийн 24 цагт шинээр нэг хүн ажиглалтад орж, таван хүн ажиглалтаас гаран гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоо тусгаарлах байруудад нийт 1391 хүн ажиглалтад байна. Тэдэнд 42 их эмч, 36 ресидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Ажиглалтад байсан нэг хүн халуурч, өчигдөр орой ХӨСҮТ-д шилжсэн. Сүүлийн 24 цагт 119 дугаарын утсанд 153 дуудлага ирсэн. Гадаадад буй иргэдэд зориулсан Шуурхай-119 аппликэйшаар Швед улсаас 2, ОХУ-аас 3, Нидерландаас 1, Канадаас 1, Францаас 1 буюу нийт 11 хүн холбогдож, коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсан" хэмээлээ.

Мөн тэрээр "ДЭМБ өчигдөр коронавирусийн талаарх ээлжит хэвлэлийн хурлаа хийсэн. Тус хурлаар Засгийн газрууд коронавирустэй холбоотой үйл ажиллагаагаа эрчимжүүлж, тандалт судалгаа хийхийн хажуугаар эрүүл мэндийн үндсэн тусламж, үйлчилгээ буюу архаг хууч өвчтэй хүмүүст анхаарах, чихрийн шижин өвчтэй хүмүүсийн эмчилгээ, хүүхдийн товлолын дархлаажуулалтад онцгой анхаарахыг сануулсан" гэдгийг онцоллоо.