Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 8.102.000 хүн өвчилж, 438.000 хүн нас баржээ. Коронавирус тархсан эхний гурван сарын хугацаанд нэг сая хүн уг вирусээр өвчиллөө гэж байсан бол одоо 8-10 хоногийн хугацаанд өвчлөл нэг саяар нэмэгдэж байна. Энэ нь өвчлөл тархах хурд ямар байгааг харуулж байна. 

Дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн бүх өвчлөлийн 75 орчим хувийг АНУ, Ойрхи Дорнод, Зүүн өмнөд азийн орнууд эзэлж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 118.000 хүн коронавирусийн халдвар авч, 3.000 гаруй хүн нас барсан байна. Энэ нь өвчлөл өмнөх өдөртэй ижил түвшинд байна. 

Манай хойд хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 8.248 хүн шинээр коронавирусээр өвчилж, нийт өвчилсөн хүний тоо 537.000 хүрч, 7.091 хүн нас барсан байна. Манай улсын олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Тува, Чит мужид өвчлөл сүүлийн хоногт 49-85 тохиолдлоор нэмэгдэж, өвчлөлийн эрч буурахгүй, тууштай нэмэгдэж байна. Тувад нийт өвчлөл 2576 болж, 4 хүн нас барсан.

Сүүлийн 24 цагт 119 дугаарын утсанд 168 дуудлага ирсэн. Гадаадад буй иргэдэд зориулсан Шуурхай-119 аппликэйшнаар БНСУ, Швед, Япон, Бразиль улсаас монгол иргэд холбогдож, коронавирусийн эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөгөө, мэдээлэл авсан.

Худалдааны төв, захуудын үйлчлэгч, худалдааны зөвлөхүүд болон тус газраар үйлчлүүлж буй иргэд амны хаалт зүүхгүй байна гэсэн шүүмж иргэдээс олон ирж байна. Иргэд амны хаалтаа зайлшгүй зүүх шаардлагатай. Мөн гадуур улиас модны хөвөн нэлээд их хаягдаж байна. Энэ нь хүмүүсийн ам хамарт орж, харшил сэдрээдэг учир мөн амны хаалт зүүх хэрэгтэй" хэмээлээ.