Covid-19 цар тахлаар АНУ-д 100 мянга гаруй, дэлхий даяар нийт 380 мянга гаруй хүн нас барсан нь ирэх арван жилүүдэд шинэ төрөлтөд хүндээр нөлөөлнө хэмээн үзжээ.

Олон орны засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хөл хорионы онцгой дэглэм дэлхийн эдийн засгийг гүнзгий хямралт байдал руу татан оруулах нь улам бүр тодорхой болоод байгаа юм. Энэ нь ялангуяа залуу хүмүүсийг гэрлэх, хүүхэдтэй болох шийдвэрээ эргэн харах, хойшлуулахад хүргэсэн байна. Үүнээс шалтгаалж дэлхийн хүн амын дундаж төрөлт огцом буурах төлөв урт хугацаанд ажиглагдасныг судлаачид онцолжээ.



Тухайлбал Уисконзины их сургуулийн эрдэмтэн Й Фушиан "Коронавирусын эсрэг бодлого нь хүн амыг аюулт цар тахлын халдвараас хамгаалах, хүний амийг аврах зорилготой ч үүнийг хоёр чиглэлээр хэрэгжүүлэх ёстой байсан" гэж үзэж байна. Тэрээр нас баралтаас урьдчилан сэргийлээд зогсохгүй төрөлтийг ч бодлогоор дэмжих ёстой хэмээн үзэж буй.

Үүнд эх газрын Хятад, Тайвань, Хонконг, Япон, Өмнөд Солонгос зэрэг хүн амын дундаж төрөлтөөрөө доогуур явдаг Зүүн Азийн орнуудын хүн амын дундаж төрөлт илүү хурдан буурна гэж судлаачид үзэж байна. Зүүн Азийн эдгээр орнууд аюулт өвчний нас баралтыг бага барьж чадсан гэдэгтээ хэн ч маргахгүй юм. 24 сая хүн амтай Тайвань 7 нас баралт, Хонконгт 4 нас баралт бүртгэгдсэн бол БНХАУ-д нас баралтын тоог 5,000-аас бага байсан юм.

Үүнийг Күнзийн соёлд гүнзгүй автсан эдгээр орны ард түмэн төрөө дээдэлдэг үзэлтэй холбон тайлбарлаж байгаа юм. Энэ нь хөл хорионы онцгой дэглэм болон бусад арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэхэд хялбар, нийтээр дагаж мөрддөг нь сайн талтай ч төрөлтийг эсрэгээрээ бууруулсан аж. Энэ талаар эрдэмтэн Й Фушиан "Төр хэдий чинээ том байна, гэр бүл төдий чинээ жижгэрдэг" гэж хэлсэн байна.

Өнгөрсөн түүхээс авч үзвэл дэлхийн эдийн засгийн их хямралын үед 2007 онд нэг Америк эмэгтэйд ногдох дундаж төрөлт 2.12 хүүхэд байсан бол 2019 онд 1.71 болж буурчээ. Японд болсон газрын тосны хямрал, үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөс хагарсан зэрэг хямралт байдал нь 1973 онд 2.14 байсан тус улсын дундаж төрөлтийг 2005 онд 1.26 болгосон юм. ЗХУ задран унасаны дараа эдийн засаг нь унаж, төрөлтийн тоо огцом буурч 1990 онд 1.89 байсан дундаж төрөлт 1999 онд 1.16 болсон юм.

Хэрэв дэлхийн хүн амын эмэгтэйчүүдийн дундаж төрөлт коронавирусын цар тахлаас болж ирэх жил  0.1-ээр буурвал АНУ-ын хүн ам 222,000-аар, Хятадын хүн ам 880,000-аар, дэлхийн нийт хүн ам 6 сая хүүхдээр цөөрнө гэсэн үг юм. 

2021 онд 0.2-оор буурвал 12 сая хүүхэд төрөхгүй гэсэн үг. Энэ нь Австралийн хүн амын тэн хагастай тэнцэнэ.


Эх сурвалж: South China Morning Post