Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагт хоёр оронд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэж, нийт 204 орон боллоо.

Өвчтэй хүн найтаах үед дуслаар орчинд тархаж, дараагийн хүнд халдварлах тохиолдлууд байгаа учир амны хаалт заавал зүүхийг анхааруулж байна. Амны хаалт хэрэглах шаардлагагүй гэж үзэж байсан улс орнууд эргээд амны хаалт заавал зүүхийг уриалж эхэллээ.

0-15 насны хүүхдүүд уг өвчнөөр өвдөх тохиолдол нэмэгдэж байна. Гэхдээ 80 гаруй хувь нь шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа нь вирус тээгч болж, бусдад халдвар тарааж байна. 

Вирус хүний өтгөнөөр дамжин гадаад орчинд гарч байна. Өвчний шинж тэмдгүүд 10-14 хоногт гардаг боловч зарим хүнд 21 хоногийн дараа илэрч байна. 21-23 хоног дээрээ хүний өтгөнөөс коронавирус илэрсэн тохиолдлууд гарсан. 

Иймд ил задгай жорлонг ариутгаж, халдваргүйжүүлэх шаардлага үүсч байна. Ялангуяа манай орны хувьд дулаарч, газар, ил задгай жорлонгийн бохир гэсэж буй учраас халдваргүйжүүлэлт цэвэрлэгээг маш сайн хийх хэрэгтэй.

Гэрийн орчиндоо суултуураа хаагаад усаа татаж байх нь зүйтэй. Өтгөнөөр бохирдсон ус 1-2 метрт үсэрч халдвар тараах эрсдэлтэй. Үүний дараа гараа савандаж, бүлээн усаар сайтар угаах нь өтгөн мөрийн замаар халдвар дамжихаас сэргийлнэ гэж дэлхийн эрдэмтэд анхааруулж байна" гэдгийг онцлон хэллээ.