Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар шинэ коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд эхний ээлжид Халдварт өвчин судлалын үндэсний төв эмнэлгийг суллаж 200 ор гаргах, шаардлагатай бол Цэргийн төв эмнэлэг, хувийн хэвшлийн “Асралт мед” эмнэлэг, ОБЕГ-ын Жаргалант дахь сувиллын газрын барилгыг ашиглахаар болов. 

Замын-Үүд дэх 100 ортой болон Сайншанд сумын 50 ортой эмнэлгийг түр тусгаарлах байр болгохоор шийдвэрлэлээ. 

2020 оны 03 дугаар сарын 02-ныг хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор нүүрсний экспорт хийхийг хориглов. 

ХӨСҮТ-ийн гаргасан стандартын дагуу “Бөртэ” үйлдвэр, Батлан хамгаалах яамны 288 дугаар анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын оёдлын үйлдвэрт амны хаалт үйлдвэрлэж нийлүүлэхийг холбогдох удирдлагуудад нь үүрэг болголоо. Мөн бүх шатны Засаг дарга нарыг тухайн орон нутагтаа амны хаалт үйлдвэрлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авахыг даалгав.