Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх "Бадрах энержи" компанид ажилладаг Францын иргэний шинжилгээ эерэг гарсан талаар Улсын онцгой комисс мэдэгдээд байна.  

Улсын онцгой комисс үүрээр хуралдаж зарим шийдвэрийг гаргаад байна.

Коронавирус илэрсэн иргэний талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.

Ц.Ганзориг:  Юуны өмнө олон нийтийг тайван байхыг анхааруулж байна. Энэхүү Франц улсын иргэн 57 настай. Дорноговьд ажилладаг. Гэртээ хариад амраад ирсэн юм билээ. Түүнтэй уулзсан, халдвар авсан байж болзошгүй 100 орчим хүний нэр хаягийг цагдаа, тагнуулын байгууллагууд асууж, камер шүүх зэргээр эрэн хайж байна. Тухайн өдрийн онгоцоор 120 хүн ирсэн. Тэднээс 40 хүнийг нэгдүгээр зэргийн хавьтал гэж тодорхойлж байна. Тухайн иргэн 3 дугаар сарын 2-ны өдөр ирсэн.  Бид халдварын эрсдлээс сэргийлэхийн тулд өнгөрсөн шөнөөс хойш чадах бүхнээ хийж байна.

Тухайн үед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, иймээс халдвартай бүсээс ирсэн учраас өөрийгөө 14 хоног тусгаарлаарай, хүнтэй битгий уулзаарай гэж сануулчихсан байсан. Ингээд шөнө 2 цагт шинжилгээний хариу гарч эерэг гарлаа. Өөрөө супермаркет л орсон гэж хэлсэн. Нэр бүхий 3 ресторанаар үйлчлүүлсэн гэдэг нь тодорхой болоод байна.

Франц улсын иргэн 2 хоног зочид буудалд өөрийгөө тусгаарлаад, 3 дугаар сарын 4-нөөс хойш олон нийтийн газраар үйлчлүүлсэн нь тодорхой болсон.

Мэргэжлийн баг Дорноговьд ажиллахаар явсан. ДЭМБ-ын төлөөлөгч нар Франц улсын иргэнтэй хамт ирсэн.

Иргэдэд хэлэхэд айж сандралгүй хувийн ариун цэврээ сайтар сахихыг хүсэж байна.