Шинэ коронавирус халдвартай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 17.111.000 хүн өвчилж, 671.000 хүн энджээ. Өвчлөл дэгдсэн эхний гурван сарын хугацаанд нийт нэг сая орчим хүн уг вирусээр өвчилж байсан бол одоо дөрөвхөн хоногт нэг сая хүн өвчилж байна.

Харин манай улсын хувьд коронавирусийн нийт 291 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 225-ыг нь эмчлэн эдгэрүүлжээ. Одоо ХӨСҮТ-д 66 хүн эмчилгээнд буйгаас 62-ынх нь биеийн байдал хөнгөн, 3 нь хүндэвтэр, 1 хүн хүнд байна. 

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Тандалт судалгаа, эмчилгээ үргэлжилж байна. Хамгийн гол нь иргэд амны хаалт зүүж, гараа угааж, хүн хоорондын зай барьж, олон хүн цугларсан газар явахгүй байх хэрэгтэй. Мөн орчноо эрүүл, цэвэр байлгах нь чухал. 

Амны хаалт зүүхийн ач тусын нэг бодит жишээг хэлье. Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдлоор бүртгэгдсэн Франц иргэн такси барихдаа өөрөө амны хаалттай байсан. Харин таксины жолоочийг амны хаалтгүй байхад нь амны хаалтаа зүүхийг зөвлөж, зүүлгээд тухайн таксигаар үйлчлүүлсэн байна. Энэ талаар тус таксины жолооч бидэнд мэдээлсэн. Франц иргэн маш олон хүнтэй хавьтал болсон ч нэгээс нь ч коронавирус илрээгүй. Энэ бол амны хаалт коронавирусээс хамгаалж чадаж буйн тод жишээ юм. Иймд амны хаалтыг тогтмол зүүж, гараа сайтар угаагаарай" хэмээлээ.