Өчигдөр БНХАУ-ын Бээжингээс - ОХУ-ын Москва хотын чиглэлд зорчсон олон улсын галт тэргэнд урд хөршийн иргэн өндөр халуурч эмнэлэгт хүргэгдсэн байна. Улмаар замд нь буюу Эрээн хотод яаралтайгаар шинжилгээнд хамруулсан аж. Түүнээс коронавирус илэрсэн болохыг Монголын талд албан ёсоор мэдэгдсэн байна.

Уг өвчтөнтэй манай улсын 10 гаруй иргэн зорчин явж байжээ. Тиймээс БНХАУ-ын талаас албан ёсоор мэдээлэл хүргүүлснээр яг одоо ХӨСҮТ-д дээрх 10 иргэнийг тусгаарлан шинжилгээнд хамруулж байна гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээллээ.

ЭМЯ-ны мэдээлж буйгаар манай улсад одоогийн байдлаар шинэ коронавирүсийн халдвар бүртгэгдээгүй байна. Эрүүл мэндийн яам болоод салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа аж. 

Өвчлөл гарсан улс орноор зорчиж ирсэн иргэдэд шинж тэмдэгийн хяналт тавьж хэрэв халуурсан, амьсгалийн замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол бүрийг ХӨСҮТ-д тусгаарлаж вирус илрүүлэх шинжилгээ хийж байна. Бүгд шинжилгээгээр үгүйсгэгдсэн. Хэрэв батлагдсан тохиолдолд иргэдэд мэдээлэл шуурхай хүргэж сэрэмжлүүлнэ гэлээ.Мөн ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч "Нуух нь хэнд ч ашиггүй, тэгэх ч шаардлагагүй. Одоо улирлын томуугийн дэгдэлт давхар явагдаж байна. Гэхдээ сургууль цэцэрлэг хаах хэмжээнд очоогүй байгаа. Эрүүл мэндийн эсвэл БСШУ-ны сайд ч юм уу хэн нэгэн хөл хорио тогтоочдог асуудал бишээ. Олон улсын эрүүл мэндийн дүрэм гэж бий. Үүнийг дэлхийн бүх улс орнууд дагаж хэрэгжүүлж ажиллах ёстой. ОУЭМД-ийн хүрээнд ДЭМБ-аас өгсөн удирдамж, зөвлөмжийн дагуу зохицуулагдана. Эрүүл мэндийн сайдын албан даалгавараар бүх эрүүл мэндийн байгууллага бэлэн байдлаа хангаж ажиллаж, иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллаж байна. Ийм халдварт өвчинтэй ганц эрүүл мэндийн байгууллага тэмцэхгүй. Иргэн бүрийн хүчин чармайлт чухал. Тиймээс иргэд бид юуг хийж чадах вэ гэдэгт ач холбогдол өгөх, урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагах, бусдад түгээх, сэрэмжлүүлэх шаардлагатай. Та маскаа зүү, зөв ханиаж найтаа, гараа сайн угаа. Өөрийгөө болоод гэр бүлээ сэргийлээрэй" гэлээ. 

ДЭМБ-ын зөвлөмжийг хүргэж байна