Алдарт Коби Брайант охины хамт нисдэг тэрэгний ослоор нас бараад сар болоогүй ч түүний эхнэр Ванесса Брайант хууль ёсны арга хэмжээ авахаар болжээ. 

Ванессагийн өмгөөлөгч нь “Island Express Helicopters” компанийг Коби Брайантын үхэлд буруутай хэмээн үзэж зарга үүсгэж буй тухай E news агентлаг мэдээлсэн байна. 

Лос Анжелесийн Дээд шүүхэд мэдүүлсэн  72 хуудас тус заргад “Island Express”-ийн агентууд болон ажилтнууд түүний дотор ослын улмаас амиа алдсан Сикорский S-76 нисдэг тэрэгний нисгэгч Ара Жорж Зобаяан нь нислэгээс өмнө агаарын нөхцөл байдлыг урьдчилан судлаагүй, үүлэрхэг нөхцөл байдалтай тулгарсан үедээ нислэгийг зогсоох арга хэмжээ аваагүй, нислэгийн замд тохиолдсон байгалийн саад бэрхшээлээс зайлсхийж чадаагүй, нисдэг тэргийг зохих ёсоор, аюулгүй ажиллуулж чадаагүйн улмаас осолдсон хэмээн буруутгажээ. 

Тэд тодорхойгүй нөхөн олговор, ял шийтгэл оногдуулахыг хүсч буй аж. 

Харин"Island Express”-ийн төлөөлөгч "Энэ бол эмгэнэлтэй осол байсан. Хүлээгдэж буй шүүх хуралдаанаас өмнө бид ямар ч тайлбар өгөхгүй" гэж мэдэгджээ. 

"Манай нисдэг тэрэгний нэг болох N72EX Sikorsky S-76 нэгдүгээр сарын 26-ны ням гарагт ЛА Каунт мужийн Калабасас дүүрэгт осолд орсон. Бид энэ эмгэнэлт явдалд маш их харамсаж байна" гэж компанийн вэбсайт дахь мэдэгдэлд бичжээ. 

Мөн "Бидний тэргүүлэх зорилт бол зорчигчдын болон нисгэгчийн ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэх явдал юм. Энэ хүнд хэцүү цаг үед та бүхэн тэдний хувийн орон зайг хүндэтгэнэ гэдэгт найдаж байна. Нисгэгч Ара Зобаяан бол манай ахмад нисгэгч бөгөөд 10 жилийн хугацаанд 8000 гаруй цагийн нислэг жолоодсон туршлагатай нисгэгч байсан. Бид ослын шалтгааныг тодруулахаар Автотээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлтэй (NTSB) нягт хамтран ажиллаж байгаа. Тус санамсаргүй ослын үед хамтран ажилласан нутгийн удирдлагуудад талархаж байна. "Компани ослын дараа шууд үйлчилгээгээ зогсоосон болохыг мэдэгдэж байна;" гэжээ.  

Ослын талаар бичсэн Вашингтон Постын мэдээнд “Ихэвчлэн харагдац багатай нөхцөл байдалд осолд өртөх нь хурдан байдаг. Тэд газарт ойртсоноо анзаарах үед хөдөлгөөн хийхэд хэт оройтсон байдаг бөгөөд шууд мөргөдөг” хэмээн нислэгийн компанийн эх сурвалж тайлбарласан байна.


Эх сурвалж: https://www.eonline.com/