Киргизийн Ерөнхий сайд асан Сапар Исаковыг авлигын хэрэгт буруутгаж байгаа тухай тус улсын Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны хэвлэлийн алба мэдээлжээ.
 
Мэдээлэлд дурдсанаар, тус хороо Киргиз улсын Эрүүгийн хуулийн 303 дугаар зүйлийн 1-д заасны дагуу С.Исаковыг авлигын хэрэгт буруутган, түүнд оршин суугаа газраасаа гадагш явахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.
 
Бишкек хотын Дулааны цахилгаан станцыг шинэчлэх явцад гарсан авлигын хэргийг мөрдөх явцад ийм арга хэмжээ авсан байна.
 
С.Исаков нь Киргизийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, гадаад бодлогын хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байхдаа өөрийн улс төрийн байр суурь, нөлөөг ашиглан, хэсэг бүлэг хүмүүсийн хамтаар гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах явцад гадаадын компанийг лоббидож байжээ. Энэ нь улс нийгэмд онц их хэмжээний хохирол учруулсан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг