ПЁНЬЯН. /Reuters/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ-тай хийж буй цөмийн хэлэлцээний гол төлөөлөгч асан Ким Ён Чоль тэргүүтэй төлөөлөгчдийн хамт урлагийн тоглолт үзэж сонирхсон талаар тус улсын төв цахилгаан мэдээний агентлаг даваа гарагт мэдээлжээ.


“Ханой хотноо болсон АНУ-БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсонтой холбогдуулан Ким Жөн Уны “баруун гар” гэгддэг Ким Ён Чолийг Чаган мужийн дахин хүмүүжүүлэх төв рүү илгээсэн” гэж БНСУ-ын “Chosun Ilbo” сонин нэрээ нууцалсан БНАСАУ-ын эх сурвалжийг иш татан баасан гарагт мэдээлсэн юм. 


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогоос Ким Ён Чольтой хэзээ хамгийн сүүлд холбоо тогтоосон талаар өнгөрсөн ням гарагт асуухад тэрбээр хариулахаас татгалзсан байна. 


Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын чуулганы үеийн гэрэл зургаас харахад, Ким Ён Чоль БНАСАУ-ын удирдагчийн ард зогсож байсан боловч Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын сүүлээр ОХУ-д айлчлахад тэрбээр хамт яваагүй ажээ. 



Ханойн уулзалтын дараа БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн АНУ-ын талаар баримтлах бодлого хариуцсан тусгай төлөөлөгч Ким Хёк Чоль тэргүүтэй хэд хэдэн төлөөлөгчийг цаазалсан эсвэл дахин хүмүүжүүлэх төв рүү илгээсэн талаар “Chosun Ilbo” сонин өмнө нь мэдээлсэн билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг