СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар тус улсын Алс Дорнодын Владивосток хотноо хийсэн айлчлалын талаарх баримтат кино БНАСАУ-ын төв телевизээр гарчээ. Ням гарагийн орой Солонгосын төв телевизээр гарсан 50 минутийн баримтат кинонд хоёр орны бат бөх харилцааг онцолсон байна.


Ким Жөн Ун Владивосток хотод гурван өдрийн айлчлал хийж, БНАСАУ-д эргэн ирснээс нэг хоногийн дараа уг кино олон нийтийн хүртээл болжээ. Хоёр орны удирдагчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хийгээд хоёр талын харилцааны талаар хэлэлцэхээр өнгөрсөн пүрэв гарагт уулзсан билээ.   


“Ким Жөн Уны ОХУ-д хийсэн айлчлал нь нөхцөл байдал өөрчлөгдөж буй шинэ эриний хэрэгцээ шаардлагад нийцэж, уламжлалт, нөхөрлөлийн харилцааг бэхжүүлэх түүхэн арга хэмжээ боллоо. Энэхүү уулзалт нь БНАСАУ, ОХУ-ын эв санааны нэгдлийн түүхэнд үргэлжид гэрэлтэх болно” гэж баримтат кинонд тэмдэглэжээ. 


Түүнчлэн уг кинонд Ким-Путиний дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан газрын ойролцоо болон БНАСАУ-ын удирдагчийн сууж явсан тээврийн хэрэгслийн цувааны эргэн тойронд хэвлэл мэдээллийн төлөөлөгчид болон нутгийн оршин суугчид олноор цугларсан байсныг хэд хэдэн удаа үзүүлсэн байна. Үүний зэрэгцээ санаандгүй үйл явдлууд ч мөн гарсан бөгөөд үүнд баасан гарагт Ким Жөн Уны өглөөний уулзалтын үеэр нэгэн хүн түүнд ойртон ирсэн болон айлчлалын сүүлийн өдөр өөр нэгэн хүн гарын үсгийг нь авахыг хүссэн зэрэг дүрсийг үзүүлжээ. 


Гэсэн хэдий ч хоёр орны удирдагчийн дөрвөн цаг орчим үргэлжилсэн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх чухал асуудлуудын нэг болох цөмийн зэвсгийн тухай уг баримтат кинонд огт дурдаагүй байна. 


KCNA” агентлагийн мэдээлснээр, Солонгосын хойгт энх тайван, аюулгүй байдлыг цогцлоох нь Вашингтоны цаашдын хандлагаас бүрэн хамаарна гэдгийг Ким Жөн Ун В.Путинтэй уулзах үеэрээ цохон тэмдэглэсэн ажээ. 



Өнгөрсөн хоёрдугаар сард Ханой хотноо болсон дээд хэмжээний уулзалтын талаарх баримтат кино БНАСАУ-ын төв телевизээр гуравдугаар сарын эхээр гарсан юм. Үүнд хоёр улс шударга санал, асуудлыг шийдэх зөв хандлагаар дамжуулан шинэ түүхийг бичих боломжтойг онцолсон байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг