Америкийн телевизийн шоуны од Ким Кардашьян Уэстийн хөрөнгө нэг тэрбум ам.долларт хүрснээр тэрбумтнуудын эгнээнд шилжлээ гэж “Forbes” сэтгүүл мягмар гарагт мэдээлэв.


“KKW Beauty” гоо сайхны бүтээгдэхүүн, “Skims” хувцас загварын брэндээс гадна телевиз, гэрээ, хөрөнгө оруулалтын орлого нь түүнийг ийнхүү тэрбумтнуудын эгнээнд шилжүүлжээ. Түүний хөрөнгө өнгөрсөн 10 дугаар сард 780 сая ам.доллароор үнэлэгдэж байв.


Ингэснээр Ким Кардашьян “Forbes”-ийн тэрбумтнуудын шинэ жагсаалтад багтсан 2755 эрхмийн нэг болсон байна. Энэхүү жагсаалтыг “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос 177 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр тэргүүлж байгаа юм.


Мөн “Bumble” болзооны хавсралтыг үүсгэн байгуулагч Уитни Вулф Херд/1.3 тэрбум/, найруулагч Тайлер Перри/1 тэрбум/, казиногийн магнат Шелдон Адельсоны бэлэвсэн эхнэр Мириам Адельсон/38.2 тэрбум/тэргүүтэй хүмүүс энэ жилийн жагсаалтад шинээр нэмэгджээ.