СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Уны охин дүү болох Ким Ё Жон Владивостокт даваа гарагт хүрэлцэн очсон байна. Солонгосын Хөдөлмөрийн намын Төв Хорооны орлогч даргын албан тушаалыг хашдаг тэрбээр БНАСАУ-ОХУ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангахаар тус хотод хүрэлцэн очсон гэж “Chosun Ilbo” сонин эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжлав. 

"Ким Ё Жон дөрөвдүгээр сарын 22-ны өглөө Пёньянаас Владивосток руу ниссэн бөгөөд дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажлыг дуусгахын тулд Ким Жөн Уныг айлчлахаас урьтаж ОХУ-д очсон” гэж тус сонинд бичсэн байна. “Chosun Ilbo” сонинд мэдээлснээр, Ким Ё Жон Владивостокт хэдийнэ очсон байгаа БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ким Чан Сонтой уулзжээ. 

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга ОХУ-д “удахгүй айлчилж”, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийнэ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн билээ. Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар тус улсад айлчилна гэдгийг тус агентлаг онцлон тэмдэглэсэн байна. Хоёр улсын удирдагч нар уулзахаар төлөвлөж буйг БНАСАУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр анх удаа албан ёсоор мэдээлж буй нь энэ юм. Дээд хэмжээний уулзалт болох өдөр, газрын талаар тус агентлаг тодорхой дурдаагүй байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг