Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хот байгуулалтын хорооны дарга Ким Ин Жэ “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийн үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд бараалхлаа.

Уулзалтын эхэнд талууд  хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 500 сая долларын хөнгөлөлттэй зээлээр түрээсийн орон сууц барьж байгаа төслийн явцын талаар болон Улаанбаатар-Сөүл хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцов.

БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хот байгуулалтын хорооны дарга Ким Ин Жэ  “Түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах ажил амжилттай явж байгаа талаар мэдээлэл авсан. Бид Улаанбаатар хотод Солонгос улсыг таниулах, соёлыг түгээх ажлыг хийхээс өөр үр бүтээлтэй ажил хэрэгжүүлээгүй байна. Тиймээс цаашид Улаанбаатар хотод богино хугацаанд үр дүнтэй хэрэгжих төслүүдэд хамтарч ажиллах саналтай байна” гэв. Түүнчлэн Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан төсөл хөтөлбөрүүдэд Сөүл хотын зүгээс оролцоход бэлэн байгаагаа дуулгалаа.

Мөн Солонгос улсад виз мэдүүлж байгаа иргэдийн тоо жилд 90 мянга хүрсэн судалгаа гарсан. Хотуудын иргэд харилцан зорчих аялалын маршрут гаргаж, харилцан үр ашигтай ажиллах Монгол Улс руу хөрөнгө оруулалт татах чиглэлийн төслүүдэд санал солилцох хүсэлтэй байна гэв.

Хотын Захирагч С.Амарсайхан “Сөүл-Улаанбаатар хотуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх хамгийн боломжтой салбар бол аялал жуулчлал. Тиймээс аялал жуулчлалын маршрутыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын чиглэлээр татан оролцуулах төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх бодолтой байна. 

Аялал жуулчлалын хүрээнд дөрвөн улирлын шинжтэй аялалын маршрут, эмчилгээний зориулалттай аялал, явган болон дугуйн, мотоцикль, нисдэг тэргээр аялах гээд олон хувилбаруудыг бид судлаж байгаа.  Манай улсын хувьд түүхийн жимээ ашиглаад аялал жуулчлалаа хөгжүүлэх бодлогод хамтарч ажиллах, зөвлөмж зөвөлгөө өгөхийг хүсч байна” хэмээн хэллээ.

Талууд гэр хорооллыг дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцжуулах төслүүдэд санал солилцоод, цаашид орлогод нийцсэн орон сууц, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэхэд Сөүл хотын удирдлагууд  бэлэн буйгаа илэрхийлсэн талаар Хот байгуулалтын хорооны дарга Ким Ин Жэ  хэллээ. 

Уулзалтын төгсгөлд хоёр хотын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд олон салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилцав.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс