Социологийн судалгаагаар Даничууд Европын хамгийн аз жаргалтай хүмүүс гэсэн дүгнэлт гарчээ.

Тэгвэл тэд юунаас аз жаргалыг мэдэрдэг юм бол. Даничуудын хувьд баярлах шалтгаан бусад европчуудтай харьцуулахад тийм ч их биш. Цаг агаарын байдал тогтворгүй, эрт харанхуй болдог, өндөр өртөгтэй, татвар дарамт их, урт цагаар ажилладаг. Гэвч тэдэнд бусад улсад байхгүй нэг зүйл бий. Энэ бол Хюгге хэмээх амьдралын философи. 

Хюгге гэдэг үг нь Норвеги үгээс гаралтай бөгөөд сайн сайхан, элбэг дэлбэг байдал гэсэн утгатай. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс энэхүү аргын талаар сонирхож байна. 

Сэтгүүлчид мэдээлэл олох зорилготойгоор Дани улсаар аялсаар. 

Түүнийг хэрхэн бүтээх вэ? 

Хьюгге амьдралын хэв маяг номын зохиолч Даничуудын амьдралын 8 нууцыг дэлгэж байна.


#1. Гэр, ажлын өрөөгөө тухтай болго.

Даничууд цагаан, саарал, хөх зэрэг гэгээлэг өнгө сонгодог. Үүний зэрэгцээ гэрэлтүүлэг тавьдаг. Тэд ихэвчлэн лаа хэрэглэдэг (өдөр хүртэл). Мөн гэрээ лаа, обажур, зөөлөн дэр, бүтээлгээр чимж, ханандаа зураг өлгөж, номын тавиураа дуртай номоороо дүүргэж, керамик аяга таваг зэргийг хэрэглэдэг. Эдгээр жижиг зүйлс гэрт тав тухтай байдлыг авчирдаг.

Хамгийн гол нь гоёл чимэглэл тансаг, анхаарал татаж байх ёсгүй. Тэд зүгээр л нүдийг баясгадаг. Мөн даничууд байгалийн материалыг илүүд үздэг. Мод, ноос, шавар зэрэг.


#2. Зочин урь.

Гэр бүл, найз нөхөдтэйгөө цахим сүлжээгээр харьцах нь бодит байдлыг хэзээ ч орлож чадахгүй. Майк Виккинг үүнд маш энгийн тайлбар олсон. «Хэн нэгэн таны мөр дээр гараа тавьж, үнсэж эсвэл хацрыг тань илэхэд та тайвширч, тайван, баяр хөөрөөр дүүрдэг. Энэ нь бидэнд аз жаргал нэмэгдүүлж, стресс, айдас, түгшүүрийг багасгадаг окситоциныг ялгаруулдаг». 

Тиймээс хюггег бүрэн утгаар нь дотны хүмүүсийнхээ хүрээнд мэдрэх боломжтой. Мэдээж тэдэнтэй кафе, ресторан зэрэгт уулзахаас илүүтэй гэртээ уулзах нь зөв. 


#3. Амттай хоол хийж сур.

Энэ зөвлөгөө нь өмнөх зөвлөгөөнөөс үүдсэн. Гэртээ зочин урьж, тухлан суухад мэдээжийн хэрэг амттай хоолоор дайлахыг давхар хэлж байгаа юм. Үүнд зүгээр нэг худалдааны пицца, суши биш юм. Хюггег мэдрэхийн тулд шанцайтай жигнэмэг, рагу, глинтвейн, халуун шоколад зэргийг хийж сурах хэрэгтэй.

«Дани улсад мах, амттан, кофены хэрэглээ өндөр байх нь хюггетэй холбоотой гэж үздэг”- хэмээн үзэж, түүний хамгийн гол нөхцөл бол өөртөө зөөлөн хандаж, өөрийгөө болон бусдыг эрүүл амьдралын хэв маягаас түр хазайх боломж олгох. Амттан бол хюгге. Жигнэмэг бол хюгге. Кофе, халуун шоколад ч гэсэн хюгге. Харин луувангийн савх зэрэг нь онц биш юм» гэж Майк Викинг бичиж байна.


#4. Илүү идэвхитэй бол.

Даничууд амттай хоол идэх дуртай. Гэвч хүн амын хэдхэн хувь нь таргалалттай байдаг. Үүний нууц бол идэвхитэй амьдралын хэв маяг. Үүнд фитнессийн хичээл ороогүй. Энэ бол байгальд таашаал өгөх хөдөлгөөн юм. Гэр бүлээрээ уулаар алхаж, дугуйн аялал хийх зэрэг юм.

Ихэнх даничууд ажилдаа дугуйгаар явдаг. Учир нь машины түгжрэлээс болж стресс үүсдэг. Харин дугуй бол хюгге юм.


#5. Тухтай хувцас өмс.

Азаар загварлаг дизайнерууд хэдэн улирлын өмнө хюггег бүтээж эхэлсэн. Өндөр өсгийтэй гутлын оронд кет, гутал, богино куртканы оронд oversize пальто, дулаан свитер, зөөлөн ороолт, урт цамц, өргөн өмд гэх мэт.

Мэдээж эдгээр бүх зүйл байгалийн гаралтай материалаар хийгдсэн байх хэрэгтэй. «Дани загвар бол маш энгийн, хүч чармайлт хэрэггүй. Хюггегийн шилдэг чанар минималист дизайны хослол»- хэмээн Викинг тайлбарлаж байна.


#6. Энгийн зүйлээс аз жаргалыг мэдэр.

Амьдралын хамгийн сайхан зүйлс бидэнд үнэгүй, зүгээр л олддог. Хүрээлэн буй орчны үзэсгэлэн, хүүхдийн инээд хөөр, дотны хүмүүсийн инээмсэглэл, хайртай хүнтэйгээ өнгөрөөж буй үдэш, уншиж буй ном зэрэг нь аз жаргалыг бүрдүүлдэг. Тиймээс материаллаг зүйлсийг биш эдгээр зүйлсийг үнэлэх нь чухал.

«Энгийн, даруу байдал бол хюггегийн гол бүрэлдэхүүн юм. «Аяга цайнд хундага дарснаас илүү их хюгге, ширээ тойрсон тоглоомонд компьютерын тоглоомоос их, хийсэн хоолонд худалдан авсан хоолноос илүү их хюгге агуулдаг. Магадгүй хюгге капитализмын хувьд ашигтай биш байх, харин хувийн аз жаргалд хамгийн их ашигтай».


#7. Хоббитой бол.

Амьдрал зөвхөн ажил, гэр бүлээр хязгаарлагдах ёсгүй. Та бүтээлч байх ёстой. Мөн хийж буй зүйлээсээ таашаал авах хэрэгтэй. Жишээлбэл: оригами, нэхэх, зурах. Таны гар завгүй байгаа үед та өөрийн оюун бодолтой ганцаар үлдэх болно.


#8. Хэмжээ хязгаарын талаар сана.

Хюггег маш энгийн зүйлс бүрдүүлдэг. Гэхдээ өөрийгөө хязгаарлах хэрэггүй гэсэн үг биш. 10 ширхэг жигнэмэг идэх нь хюгге биш. Тиймээс даничууд өөрсдийн дуртай зүйлсээ идэх тодорхой хугацааг гаргадаг. Жишээлбэл: амралтын өдөр. Зохиолчийн тайлбарлаж буйгаар «Амттан бол хюггегийн салшгүй нэг хэсэг» гэжээ.