Хятадын эрх баригчид бодлогоо өөрчлөхгүй бол манай улс Хятад улстай хүйтэн дайн хийхэд бэлэн гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс “The Washington Post” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын эрх баригчидтай харилцаагаа хэвийн болгоход бэлэн байгаа хэдий ч ингэхийн тулд Хятад улс бодлогоо тэр дундаа эдийн засгийн болон цэргийн салбарт баримталж буй бодлогоо эрс өөрчлөхөд бэлэн байх хэрэгтэй. Энэ бүхэн Аргентинд болох “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр хийх ерөнхийлөгч Д.Трамп болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын уулзалтаас ихээхэн хамаарна гэж би бодож байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Хятад улс иймэрхүү мөргөлдөөнөөс зайлсхийх шаардлагатай нөхцөлүүдийг биелүүлэхгүй бол юу болох вэ, АНУ-ын эрх баригчид хүйтэн дайн хийх хувилбарыг сонгоход бэлэн эсэх талаархи асуултад тэрбээр хариулахдаа “Бид байр сууриндаа бат зогсож байгаа гэж үзэж байна” гэжээ.  

АНУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж Хятадын эрх баригчдыг буруутгаж байгаагаа АНУ-ын дэд ерөнхийлөгч өмнө нь мэдэгдсэн юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС