ШАНХАЙ. /TASS/. БНХАУ-ын төрийн мэдлийн “Sinochem Group” химийн корпорацын ерөнхий захирлын орлогч асан Ду Кэпин авлигын хэргээр 11.5 жил хоригдох ял авжээ. Холбогдох шийдвэрийг тус улсын зүүн нутгийн Шаньдун мужийн Вэйхай хотын Дунд шатны ардын шүүх гаргасан байна.

Хэргийн материалаас үзвэл, Ду Кэпин 1999-2010 онд хувийн ашиг хонжоо олохын тулд албан тушаалаа урвуулан ашигласан байна. Дурдсан хугацаанд тэрбээр шууд эсвэл зуучлагчаар дамжуулан арилжааны төслийг сурталчлах үйлчилгээнд зориулж гуравдагч этгээдээс нийт 12.6 сая юанийн / 1.8 сая орчим ам.доллар/ хахууль авсан болохыг шүүхээр тогтоожээ. Хорих ялаас гадна, түүнд хууль бусаар олж авсан бүх хөрөнгийг улсад хурааж авах болон 1.3 сая юанийн торгууль ногдуулсан байна.

Энэ нь “Sinochem Group” компанийн удирдлагуудтай холбоотой анхны мөрдөн шалгалт биш юм. Тус компанийн ерөнхий захирал асан Цай Сиюг албан тушаалаас нь огцруулж, намаас хөөсөн тухай Хятадын Коммунист намын Сахилга батыг шалгах хороо 2017 оны долдугаар сард мэдээлж байв. 2018 оны 12 дугаар сарын сүүлчээр түүнд авлига авсан хэргээр 12 жил хорих ял оноожээ.

“Sinochem Group” нь 1950 онд байгуулагдсан, Хятадын хамгийн том химийн компанид тооцогддог байсан “China National Chemicals Import and Export Corporation”-ыг залгамжлагч юм. Түүний бүтцэд БНХАУ болон хилийн чанад дахь 300 гаруй компани багтдаг бөгөөд ажилтнуудынх нь тоо 50 мянгад хүрдэг байна. 2017 оны эцэст тус компанийн нийт хөрөнгө 417.2 тэрбум юаниар (60.55 тэрбум орчим ам.доллар/ хэмжигдэж байв.

2018 онд “Sinochem Group” дэлхийн хамгийн том компаниудын “Fortune Global 500” жагсаалтад 98 дугаарт бичигджээ.


 


Эх сурвалж: Монцамэ агентлаг