МОСКВА. /РИА НОВОСТИ/. Энэ оны 6 дугаар сараас эхлэн цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгчдэд олгож буй татаасны хэмжээг эрс бууруулах шийдвэрийг БНХАУ-ын Сангийн яам гаргажээ.

Тухайлбал, нэг удаагийн цэнэглэлтээр 400 км явдаг цахилгаан автомашин үйлдвэрлэхэд олгож буй татаасыг 50 хувиар бууруулж, 25 мянган юань /нэг автомашинд/ болгосон байна. Харин 250 км-ээс бага зайг туулдаг цахилгаан автомашинд олгож байсан бүх татаасыг цуцлах аж. 

Хятад улс 2009-2017 оны хугацаанд цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд нийтдээ 393 тэрбум юань буюу 58,5 тэрбум долларын татаас олгосон байна. Өөрөөр хэлбэл, нэг автомашинд 110 мянган юанийн татаасыг төрөөс олгож байсан аж. 

“Цахилгаан автомашины үнэ буурч, техникийн үзүүлэлтүүд нь сайжирч байгаа учраас татаасыг багасгаж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бий болгох цаг нэгэнт иржээ” гэж Хятадын Сангийн яамны мэдээлэлд дурдсан байна.  

Харин шинжээчдийн үзэж байгаагаар, татаасыг багасгах нь цахилгаан автомашины үнэ өсөхөд хүргэх ба энэ оны 1 дүгээр сард 148,8 хувийн өсөлттэй байсан зах зээл “хөрч эхлэх” ажээ.




Эх сурвалж: Монцамэ агентлаг