Хятадын цөлжилттэй тэмцэгч Ван Синьпин монголчуудад элсний нүүдлийг зогсооход туслахаар хоёр дахь удаагаа Монгол орныг зорилоо гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Өдгөө 49 настай Ван Синьпин нь Хятадын Ганьсу муж дахь Хятадын ШУА-ийн Эко-байгаль орчин, байгалийн нөөц судлалын хүрээлэнгийн судлаач аж. Тэрбээр Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамнаас хэрэгжүүлж буй олон улсыг хамарсан төслийн хүрээнд Монголд цөлжилттэй тэмцэхэд тусалж байна. Тус яам нь цөлжилттэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн хятад мэргэжилтнүүдийг зургаан судалгааны хүрээлэн болон их сургуулиас сонгон аваад Монгол, Израиль болон Казахстан руу илгээх гурван жилийн хөтөлбөрт 10 сая юань буюу 1.6 сая орчим ам.доллар зарцуулж байгаа гэнэ.

Судлаач Ван болон түүний гурван хамтран зүтгэгч өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Улаанбаатарт ирсэн бөгөөд тэд ирэх сарын 1-нд Элсэн тасархайд очихоор төлөвлөжээ. Тэд 29 га газрыг туршилтын талбай болгоод, хэрхэн элсний нүүдлийг зогсоож болохыг Монголын судлаачдад зааж сургах аж.

Ван нь дэрс сүрлээр шатрын хөлөг хэлбэртэй хашилт хийж, ургамал тарих аргаар элсний нүүдлийг зогсооход мэргэшсэн нэгэн гэнэ.
 
“Бид элсэрхэг хөрсөнд мод ургамал тарих туршлагатай. Энэ туршлагаасаа монголчуудад хуваалцаж, элсний нүүдлийг зогсооход нь тус болох гэж байгаадаа баяртай байна. Энэ удаад туршилтын бүсэд тохирох ургамлын үрийг олж суулгах нь миний гол зорилго” гэж Ван Синьпин “Синьхуа” агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.
 
Цөлжилт бол дэлхийн экологи, байгаль орчинд хамгийн тулгамдсан асуудлуудын нэг юм. Цөлжилтийн улмаас дэлхийн улс орнууд жилд 42 тэрбум ам.долларын хохирол амсдаг гэнэ. Мөн хоёр тэрбум гаруй хүн ам бүхий 167 улс орон, бүс нутаг цөлжилтийн асуудалтай байна.
 
Цөлжилтөд хамгийн их өртсөн улсуудын нэг гэгдэж байсан Хятад улс нь 1950-аад оноос цөлжилттэй тэмцэхийн тулд судалгаа хийж эхэлжээ. Олон жилийн судалгаа, уйгагүй хүчин чармайлтын дүнд Хятад улс цөлжилтийг эрс багасгаж чадсан байна. Тус улс жилд дунджаар 2400 хав.дөр.км газар нутгийг цөлжилтөөс ангижруулж байна.
 
Монголын нийт газар нутгийн 76.8 хувь, Казахстаны газар нутгийн 70 орчим хувь нь хөрсний доройтолд ороод байгаа аж.
 
“Хятадын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд маш сайн хөгжсөн. Хүрээлэнгүүд нь туршлагатай судлаач мэргэжилтнүүдтэйгээс гадна цөлжилттэй тэмцэхэд шаардлагатай бүх зүйлээр хангагдсан” гэж Казахстаны Биологи, биотехнологийн хүрээлэнгийн судлаач Ерлан Туруспеков ярьжээ.
 
Хятад улс нь цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, цөлжилттэй тэмцэх чиглэлээр дэлхийн хэмжээнд одоогоор 90 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, туршлагаасаа хуваалцаж байна.
 
“Бидний хамтын ажиллагаа дэлхий олон улсын орны ард иргэдийн хүрээлэн буй орчныг сайжруулж, амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд тус болно гэдэгт би найдаж байна” гэж судлаач Ван хэлжээ.

https://www.xinhuanet.com/english/2018-03/29/c_137072735.htm




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг