БЭЭЖИН. /РИА Новости/. Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макао, Тайванийг оролцуулахгүйгээр БНХАУ-ын хүн ам өнгөрсөн онд 4.67 саяар нэмэгдэж, 1.4 тэрбум давжээ. Энэ тухай БНХАУ-ын Статистикийн товчооны мэдээлэлд дурджээ. 2018 онд БНХАУ-ын хүн ам 5.3 сая нэмэгдэж байжээ.

Өнгөрсөн онд тус улсад 14.65 сая хүүхэд мэндэлсэн бол 1000 хүн тутамд 10,48 төрөлт бүртгэгджээ. Мөн онд Хятадад 9.98 сая хүн нас барсан бөгөөд нас баралтын коэффициент 1000 хүн тутамд 7.14 байсан байна. Хүн амын бодит өсөлт 1000 хүн тутамд 3.34 байжээ. Эрэгтэйчүүдийн тоо 715.27 сая болсон бол эмэгтэй хүн амын тоо 684.78 саяд хүрч өссөн байна. Нийт хүн амын тоо 1 тэрбум 400 сая 50 мянган хүрсэн байна. 

16-59 хүртэлх насны хөдөлмөрийн насны хүн амын нийт тоо 2018 онд 897.29 саяас 896.4 сая болж буурсан нь нийт хүн амын 64 хувийг эзэлж байна. 2018 онд энэ үзүүлэлт 64.3 хувь байжээ. 

2018 оны эцсийн байдлаар Хятадад 60-аас дээш насны 253.88 сая хүн бүртгэгджээ. Ийм насны хүмүүс тус улсын нийт хүн амын 17.9 хувийг эзэлж байна. Харин 65-аас дээш настай хүн амын тоо 2018 оны 166.58 саяас 176,03  сая болж нэмэгдсэн нь нийт хүн амын 12.6 хувийг эзэлж байна.

Хотын хүн амын тоо жилийн хугацаанд 17.06 саяар нэмэгдэж, 848.43 сая болсон бол хөдөө орон нутгийнх 12.39 саяар буурч, 551.62 саяд хүрчээ. Нийт хүн амын тоонд эзлэх хотын хүн амын хувь 59.58 хувиас 60.6 хувь болж өссөн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг