БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И манай улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийгээд буцсан билээ. Тэрбээр айлчлалынхаа сүүлийн өдрүүдэд Увс аймагт ажиллаж, баруун бүсийн 5 аймгийн (Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай) удирдлагатай уулзаж санал солилцсон юм.

Баруун бүсийн 5 аймгийн удирдлагын зүгээс хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх, хил залгаа бүс нутгийн худалдааг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулахыг хүсээд аялал жуучлал, боловсрол, дэд бүтэц, мал аж ахуй болон хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай байгааг онцлов.

Ван И ууланд гарах хоббитой нэгэн бөгөөд айлчлалынхаа үеэр Увс аймгийн Сагил сумын нутагт орших Үүрэг нуур,  Хойд сайгийн амыг үзэж сонирхжээ. Үүрэг нуур, Хойд сайгийн хүрхрээ, Цагаан шувуут бол байгалийн үзэсгэлэн бүрдсэн тэр бүр хүмүүс очоогүй газруудын нэг юм.

Ван И нь 1953 онд Бээжин хотноо төрсөн, эдийн засгийн ухааны доктор, Хармөрөн мужид үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын ажилд оролцож байсан, Бээжингийн Гадаад хэлний дээд сургуулийн Ази хэлний ангийг төгссөн, Шуудан, мэдээлэл холбооны яамны мэдээлэл судалгааны ажилтан, ГХЯ-ны Азийн газарт шинжээч, атташе, тасгийн дарга, БНХАУ-аас Япон улсад суугаа ЭСЯ-нд зөвлөх, Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд, ГХЯ-ны Азийн газрын дарга, ГХЯ-ны дэд сайд, ХКН-ын Төв хорооны Тайванийн ажлын албанд ажиллаж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Манай улсад 2014 онд айлчилж байжээ.