БЭЭЖИН. /BBC/. БНХАУ-ын Гуйжоу мужийн Шуйчэн бүс нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас хөрсний гулгалт үүсэж, наад зах нь 36 хүн амиа алдсан гэж тус улсын эрх баригчид мягмар гарагт мэдээлжээ.

Хятадын хэвлэлүүдэд мэдээлснээр, энэхүү байгалийн гамшигт 20 гаруй барилга, байшин өртсөн бөгөөд 15 хүн сураггүй болсон байна. Байгалийн гамшиг нүүрлэсэн бүсээс 40 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэж орон нутгийн эрх баригчид мэдээлснийг “Xinhua” агентлаг уламжиллаа.

Тус агентлагийн мэдээлснээр, Хятадын Засгийн газраас байгалийн гамшигт өртсөн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх болон аврах ажиллагаанд 30 сая юанийг хуваарилжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг