Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд өмнөд хөрш рүү аялж жуулчлах нь ихэссэнтэй холбогдуулж, тус улсаар аялсан тохиолдолд хэрэг болохуйц 10 түлхүүр үгээр аялагч таньд хамгийн ойр хэрэглэгдэх хэл, мэдвэл зохих хууль тогтоомж-аяллын шийдэл гэсэн гурван өгүүлэмжээр хөтөч нийтлэл бэлдлээ.

1✔ Монгол Улсын ЭСЯ

Хэл: Одоогоос олон жилийн өмнө танил эгч маань Бээжинд гэр бүлээрээ албан шугамаар амьдарч байсан юм. Тухайн үед тэдний хүү насаар бага тул төөрч, гараас алдагдахаас болгоомжилж, “Мэн гү гүө да шы гуань-Монгол Улсын ЭСЯ” /蒙古国大使馆/ гэх үгийг хятадаар цээжлүүлсэн гэдэг. Тиймээс энэхүү санааг туршаад үзэхэд гэмгүй. 

Мэдвэл зохих: Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Ерөнхий Консулын газар, Консулын газрын хаяг, холбоо барих утас болон цахим хаяг.

Бээжинд суугаа ЭСЯ /Мэн гү гүө да шы гуань-蒙古国大使馆/

No 2, Xiu Shui Bei Jie,
Jian Guo Men Wai,
Beijing 100600

Утас: 86 (10) 6532 6512
86 (10) 6532 6513
86 (10) 6532 1203
Имэйл: beijing@mfa.gov.mn, цахим хуудас: www.beijing.mfa.gov.mn 

Хөх хот дахь Ерөнхий Консулын газар / Мэн гүгүөлиншыгуань-蒙古国领事馆/

Утас: 86 (471) 4902531
86 (471) 4902262
Имэйл: huhhot@mfa.gov.mn, цахим хуудас: www.huhhot.consul.mnюм.

Хонконг дахь Ерөнхий Консулын газар / Мэн гүгүөлиншыгуань-蒙古国领事馆/

Утас: 852 25222400
Имэйл: hongkong@mfa.gov.mn, цахим хуудас: www.hongkong.consul.mn юм.

Эрээн дэх Консулын газар / “Мэн гү гүө лин шы гуань -蒙古国领事馆/

Утас: 976 62269000
Имэйл: ereen@mfa.gov.mn, цахим хуудас: www.ereen.consul.mn юм.

Хэлмэрчид хандах: Хэлний мэдлэг ихээр шаардагдах ажил төрлийн шинжтэй аялалд яваа бол хэлмэрч орчуулагч хөлслөх нь зүйтэй болов уу. Хятад хэлний дөрвөн хөгийг зөв эзэмшиж, ханзыг зөв унших нь маш чухал. Хөгийг зөв уншиж чадахгүйгээс таны хэлснийг хүн ойлгохгүйн дээр буруу сэтгэгдэл төрүүлж болзошгүй.

2✔Сайн байна уу

Хэл: Хятад хэлэнд бусдын амар мэндийг эрсэн олон үг хэллэг байдгаас өдөр тутмын амьдралд “Ни-хао-Сайн уу” /你好/ хэмээх үгийг өргөнөөр хэрэглэдэг. Энэхүү мэндийн үгийг таньдаг, таньдаггүй ямар ч хүнтэй хэзээ ч, хаана ч уулзсан бай хэлж болно. Хэрэв өөрөөс тань насаар ах эсвэл хүндтэй эрхэм бол “Нин-хао” хэмээн амар мэндийг нь асуудаг. 

Мэдвэл зохих: Гадаад паспортынхаа хүчинтэй хугацааг шалгахад гэмгүй. Таны паспортны хүчинтэй хугацаа 6 сараас илүү байх ёстой. Ямар ч нөхцөлд өөрийн гадаад паспорт, зорчигчийн тасалбар, кредит карт, чекийг биедээ авч явж, харин хуулбарыг нь гар тээшиндээ хадгалахад илүүдэхгүй. 

Аялалд ашиглах технологи: Хятад хэл мэдэхгүй байсан ч ашиглаж болох, тус улсад аялах, зорчих, амьдрахад хэрэг болохуйц аппликэшн цөөнгүй бий. Тэдгээр нь аль ч үйлдлийн системтэй гар утсан дээр хэрэглэж болохуйц ба ихэнх нь үнэ төлбөргүй. 

3✔Би ойлгохгүй байна

Хэл: Монголчуудын олонх нь хятад хэл мэдэхгүй гэсэн санааг “бү жы дао” гэх үгээр илэрхийлэх нь бий. Энэ нь монголоор “мэдэхгүй” гэсэн үг юм. Хятад хэлэнд ярилцагч хүнээ ойлгохгүй байна гэсэн санааг “бү дүн-ойлгохгүй байна /不懂/, кань бү дүн-уншаад ойлгохгүй байна /看不懂/, тин бү дүн-сонсоод ойлгохгүй /听不懂/” гэсэн ялгаатай байдлаар хэлдэг. 

Мэдвэл зохих: Өөрийн болон өөр хүний хүүхэд авч явах гэж байгаа бол зохих хууль тогтоомжийн дагуу бичиг баримтаа бүрдүүлж явах учиртай. Тухайлбал, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, танилынхаа хүүхдийг авч явах тохиолдолд тэдний итгэмжлэлийг англи эсвэл очих улсын хэл дээр орчуулж нотариатаар баталгаажуулан, ГХЯ-ны Консулын газраар давхар баталгаажуулалт хийнэ. Итгэмжлэл, зохих зөвшөөрөлгүй тохиолдолд таныг хилээр нэвтрүүлэхгүйгээс гадна хүн худалдаалах гэмт хэрэгт сэжиглэж магадгүй юм.

Харилцаа холбоо: Хятад улсад хамгийн өргөн хэрэглэгддэг, хамгийн дөхөм харилцааны хэрэгсэл бол вичат. Энэхүү хэрэгслийн тусламжтайгаар найз нөхөд, бизнесийн хамтрагч зэрэг олон хүнтэй саадгүй харилцахын зэрэгцээ олон төрлийн үйлчилгээ, тусламжийг авч чадна. 

4✔Ямар үнэтэй вэ?

Хэл: Худалдаа хийх тохиолдолд цаад хүнээсээ “Энэ ямар үнэтэй вэ, үүнийг хэдээр зарж байгаа вэ” гэхчлэн олон янзаар асууж болдог. Гэхдээ хамгийн амар хялбараар хэлье гэвэл “Дүө шао чянь” /Ямар үнэтэй вэ-这个多少钱/ хэмээн асууж болно. “Хямдруулах уу, хямдрах уу” гэж асууя гэвэл “зүй ди дүө шао чянь” /最低多少钱/ гэхэд нэг их зөрөхгүй. Манай ихэнх иргэд “жү ди” хэмээн хэлдэг ба “зүй ди” гэдэг нь хамгийн хямд, хямдруул гэсэн санаа юм.

Мэдвэл зохих: БНХАУ-д зорчих иргэдэд анхаарах өөр нэг асуудлын нэг нь хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ юм. Тус улсын хилээр 20.000 юань буюу 5000 хүртэл ам долларыг биедээ авч орохыг зөвшөөрдөг. Хэрэв энэ журмыг зөрчсөн тохиолдолд мөнгийг хураан гарал үүслийг ажлын 5 хоногт багтаан шалгаж, мөнгөн дүнгийн 9 хувьтай тэнцэх хэмжээний валютаар торгодог.

Аяллын тав тух: Дотор газар аялах бол аялал жуулчлалын компанид бүртгүүлэн тогтсон маршрутаар зорчиж болохоос гадна хувиараа аялж болно. Аялал жуулчлалын компанитай харилцаад буудал захиалж болно. Мөн гар утас юм ууцахим сүлжээгээр урьдчилан захиалж болно. Том хотуудад үнэтэй буудлаас гадна жижиг хямд буудлууд олон бий. Хэрэв хөдөөгөөр аялах бол гэр буудлууд ажилладаг.

5✔ Байна ба байхгүй

Хэл: Хятад хэлний хамгийн өргөн хэрэглэгддэг үгэнд байна, байхгүй гэсэн хоёр үг орно.Байна гэдгийг “ю” /有/ хэмээн дуудах бол байхгүй гэдгийг нь “мэй ю” /没有/ гэж дуудна. Ялангуяа, худалдаа наймаа хийх үед эдгээр үг хэрэг болох магадлал өндөр. 

Мэдвэл зохих: Бичиг баримтаа гээсэн, үрэгдүүлсэн, хулгайд алдсан тохиолдолд ЭСЯ-ндаа яаралтай мэдэгдэж, буцах үнэмлэх авах шаардлагатай.

Тээвэр: Хятад орны энэ цагийн дөрвөн их нээлтийн нэг нь хурдны галт тэрэг. Тус улсын хурдны галт тэрэг цагт 350-400 км-ыг туулах хүчин чадалтай. Улсын дотооддоо болон бусад хил орчмын улс орон руу үйлдэх онгоцны тийз харьцангуй хямд. Онгоцны тийз, галт тэрэгний тасалбар захиалах, метрогоор зорчих зэрэгт зориулсан аппликэшныг аялалдаа ашиглаж, тээврийн асуудлаа шийдэх боломжтой.

6✔ Зүгээр ба Уучлаарай

Хэл: Эелдэг, соёлтой харилцаанд хэрэглэгддэг үгс бол мэдээж зүгээр, уучлаарай гэх үг хэллэг юм. Зүгээр гэхийг хятад хэлэндээ “мэй гуань ши” /没关系/ гэх бол уучлаарай гэдгийг “дүй бү чи” /对不起/ гэж хэлнэ.

Мэдвэл зохих: Аяллаа гэрэл зургаар болон видео бичлэгээр мөнхлөх нь байдаг л үзэгдэл. Гэхдээ зарим оронд төр засгийн ордон, элчин сайдын яамдын гадаа үүд, түүний эргэн тойрон, музей дотор, цэрэг армийн зориулалт бүхий барилга байгууламжийн дэргэд зураг авах, бичлэг хийхийг хориглосон байдаг. Иймд фото зураг авах, видео бичлэг хийхийн өмнө урьдчилж зөвшөөрдөг эсэхийг лавлах хэрэгтэй. 


Төөрч будилах: БНХАУ нь асар том газар нутагтай, хэл заншлыг нь мэдэхгүй хүнд амархан төөрч мэдэх орны нэг. Тиймээс уулзах хүнийхээ нэрийн хуудсыг авч явах, буусан буудлынхаа нэр хаягийг гар утсан дээрээ буулгах эсвэл нэрийн хуудсыг нь цүнхлэх, халааслах зэргээр хадгалж, шаардлагатай тохиолдолд үзүүлж туслалцаа авах гарц байж болох талтай.

7✔Тоо 

Хэл:1-10 хүртэлх тоо. 一,二,三,四,五,六,七,八,九,十 /и, эр, сань, сы, ү, лю, чи, ба, жю, шы/

100一百 /и бай/

200二百 /эр бай/

300三百 /сань бай/

400四百 /сы бай/

500五百 /ү бай/

600六百 /лю бай/

700七百 /чи бай/

800八百 /ба бай/

900九百 /жю бай/

1000一千 /и чянь/

10000一万 /и вань/ гэж дуудна.

Мэдвэл зохих: Хятад улс нь дотроо нийт 56 үндэстнээс бүрддэг. Тиймээс аялах хугацаанд тухайн ард түмний ёс заншлыг хүндэтгэж, “Усыг нь уувал ёсыг нь дагаж” явахад буруудахгүй. Ялангуяа сүм хийд, эргэл мөргөлийн газраар орохдоо хүндэтгэлтэй хандах нь зүйн хэрэг юм.

Аяллын худалдаа: Нэгэнт аялж байгаа тохиолдолд тухайн орныхоо дэлгүүр хоршоо, томоохон зах, худалдааны төвүүдээр тойрох нь аяллыг амттай болгодог. Тус улсад томоохон тэмдэглэлт баяраар болон амралтын өдрүүдэд хямдралыг тогтмол зарладаг. Цахим худалдааны салбарынхан ч баяр ёслолыг тааруулж бодит хямдрал зарлахаа мартдаггүй.

8✔ Биш ээ ба мөн

Хэл: Биш ээ гэх үгийг “бү шы” /不是/ гэж дуудах бол мөн гэхийг “шы” /是/ гэж дуудна.

Мэдвэл зохих: Хэн нэгэн танд болон таны эргэн тойрныхонд замын зардлыг чинь даана, гадаадад өндөр цалинтай ажилд зуучилна, хилээр гарсны дараа зуучлалын хөлсөө өгөх боломжтой гэх зэрэг санал тавьсан бол хүний наймааны асуудлаар зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх 1800-1903 дугаарт хандах, ГХЯ-ны Консулын газрын consul.mn сайтад хандаж болно.

Аяллын хоол: Манай иргэдийн дунд халуун ногоотой хоолонд дургүй, заримдаа огт идэж чаддаггүй хүмүүс цөөнгүй байдаг. Ер нь аяллыг хөнгөвчлөх хоол бол түргэн хоолны газрууд юм. Ойрын жилүүдэд Maк Дональдс, KFC зэрэг барууны түргэн хоолны газар хот суурингуудад ихээхэн нэвтэрч байгаа ба мөн өөрийн орны хоолны онцлог бүхий хямд төсөр 24 цагийн үйлчилгээтэй сүлжээ хоолны газруудтай цөөн бус тааралдах болно. 

9✔Тийм ба үгүй

Хэл: Бидний өдөр тутмын амьдралд бишгүй олон тохиолддог үг бол тийм, үгүй юм. Хятад хэлэнд тийм гэхийг “дүй” /对/ гэх бол үгүй гэхийг “бү дүй” /不对/ гэж дуудна.

Мэдвэл зохих: Хятад гэлтгүй таны аялж буй оронд байгалийн гамшиг тохиолдох, дайны нөхцөл байдал үүсэх, зэвсэгт мөргөлдөөн гарах, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсвэл таныг цаг алдалгүй эх орон руу тань буцаах, нүүлгэн шилжүүлэх шаардлага үүсэх нь зайлшгүй. Иймээс дээрх нөхцөл байдалд орсон тохиолдолд заавал ЭСЯ болон бусад холбогдох газруудтай холбогдож бүртгүүлээрэй. 

Аяллын эрсдэл: Хятадаар аялж жуулчлахдаа таксинд суух, буудалд байрлах, бараа авахдаа баримтаа заавал аваарай. Учир нь барааг солих юм уу, барааны чанарт асуудал гарч маргаан үүссэн тохиолдолд баримт тань хэрэгтэй. Таксинаас буухдаа эд зүйлсээ мартсан бол баримтаар тань хөөж  хаясан зүйлээ олж авах боломжтой. Хэрэв үнэ цэнэтэй зүйлээ хаявал тэр даруйд нь цагдаагийн газарт мэдэгдэхээ бүү март гэж зөвлөе.  

10✔ Баярлалаа ба Баяртай

Хэл: Хэн нэгэнд талархсанаа илэрхийлэхдээ “ше ше”-баярлалаа /谢谢/ гэж хэлэх бол салахдаа “зай жянь”-баяртай” /再见/ хэмээн хэлдэг.  

Мэдвэл зохих: Бусдын захиасыг авахгүй байх. Сүүлийн үед санаатай, санамсаргүй байдлаар хар тамхи, мансууруулах бодис, хориотой бараа хууль бусаар зөөвөрлөх гэмт хэрэгт холбогдон, саатуулагдсан, хоригдсон, ял эдэлсэн зэрэг таагүй асуудал гарсаар байгааг мартаж болохгүй. 

Аяллын санхүү: Дэлхийн олон орноор аялах хүсэл мөрөөдөл хүн бүрт байдаг ч санхүү хэрэгцээгүйгээс хамаарч тэр бүр аялж жуулчилж чаддаггүй. Миний нэг найз эмэгтэй жилд нэг удаа гэр бүлээрээ гадны аль нэг орон руу аялдаг. Үүний тулд жилийн турш мөнгөө цааш нь хадгалж, хичээл сургууль амарсан зуны дэлгэр цагаар нөхөр хүүхдүүдийн хамт хамгийн бага зардлаар урьдаар төлөвлөсөн маршрутын дагуу аялдаг. Энэ туршлагыг ч бас хэрэгжүүлэхэд муугүй шүү. 

Жич: ГХЯ, Консулын газар, ССТВ-гийн сайт, Хятадын Олон улсын радиогийн хятад хэлний сургалтаас ашиглав.