БЭЭЖИН. /TASS/. “Цөмийн зэвсгийн томоохон нөөцтэй улс орнууд цөмийн зэвсгийн тоо хэмжээг бууруулах үйл явцыг хурдасгахыг манай улс санал болгож байна. Ингэснээр дэлхий дахин цөмийн зэвсгээс ангижрахад тус дөхөм болох юм” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ.

“Хятад улсын цөмийн зэвсгийн нөөц Орос болон АНУ-ынхаас илүү бага байдаг. Цөмийн зэвсгийн нөөцийг Хятад улс зохистой түвшинд байлгадаг бөгөөд энэ нь үндэсний аюулгүй байдлыг хангах зорилттой нийцдэг. Хятад улс цөмийн зэвсгийг хорогдуулах тухай гэрээг байгуулах зорилгоор гурван талт яриа хэлэлцээнд оролцохгүй. Цөмийн зэвсгийг бүрэн устгахыг бид дэмжиж байгаа бөгөөд цөмийн зэвсгийн томоохон нөөцтэй орнууд олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүрэг хариуцлагаа хатуу дагаж мөрдөж, цөмийн зэвсгийн тоо хэмжээгээ ихээхэн хэмжээгээр бууруулах хэрэгтэй” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг