Хятад-Орос-Монголын хийн хоолойн төслийн хамтын ажиллагааны урьдчилсан гэрээ байгуулах ёслол боллоо. 

Энэхүү гэрээнд уг төслийн хөрөнгө оруулагч "Эв соёл хүн төрөлхтний хамтын цогц газрын тос, хий" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ван Гө, гүйцэтгэгчээр ажиллах БНХАУ-ын Төмөр замын 25-р товчоо группийн ТУЗ-ийн дарга Жан Зянь Гуо нар гарын үсэг зурснаар хамтын ажиллагааг эхлүүлэв. 

Өнгөрсөн зургаадугаар сарын 9-10-нд БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага(ШХАБ)-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдааны үеэр болсон гурван улсын Төрийн тэргүүн нарын дөрөв дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр энэхүү хийн хоолойн төслийн талаар хэлэлцсэний дагуу дээрх хамтын ажиллагаа эхэлж буй юм. 

Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын талаас удаа дараа тавьж буй Орос, Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг Орос, Хятадын талууд хүлээн авч, нааштай хандана гэж найдаж байна” хэмээн хүсэлтээ илэрхийлсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Орос-Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойнуудыг өөрийн нутгаар дайруулан өнгөрүүлэх Монголын талын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Орос, Монгол, Хятад гурван улсын байгалийн хийн хоолойн төслийг эхлүүлж, шав тавих ёслолыг ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд гурван улсын Төрийн тэргүүн нар оролцох хүлээлттэй байна. ТЭЗҮ-ийг хийсэн бөгөөд ОХУ, БНХАУ-ыг холбоход Монгол Улсын төмөр зам дагуу хийн хоолойг байгуулах нь хамгийн дөт хэмээн тооцоолж байгаа аж.