БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын компаниудын зохион бүтээсэн гар утсаараа төлбөр тооцоо хийх, цахим дэлгүүр хэсэх, үзвэр үзэх зэрэг зориулалт бүхий хавсралтуудын /аппликейшн/ Ази хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдсээр байна.


App Annie” судалгааны байгууллагын мэдээлснээр, цахим худалдаа, нийгмийн сүлжээ болон чөлөөт цагаа өнгөрүүлэх чиглэлийн Хятад хавсралтуудыг сонгон хэрэглэдэг Азийн орнуудын иргэдийн тоо ихээхэн өсөж байгаа ажээ.

2018 онд энэ төрлийн хавсралтыг татаж, гар утсандаа суулгасан хэмжээг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 54 хувиар өсжээ. 

Өнгөрсөн оны наймдугаар сард болсон Азийн наадмын үеэр Бээжинд төвтэй “ByteDance” компани /Tik Tok хавсралтаараа алдартай/ Азийн наадмын талаарх дүрс бичлэгээ байршуулахыг хэрэглэгчдэдээ уриалсан юм. “Tik Tok хавсралтыг анх 2017 онд танилцуулснаас хойш Япон, Тайланд, Индонез зэрэг олон орны иргэдийн сонирхлыг ихээхэн татаж, хэрэглэгчдийн тоо нь нэмэгдсээр байна. 

Гар утсаараа төлбөр тооцоо хийх салбарт Хятадын “Ant Financial” компани Энэтхэгийн “Paytm”, БНСУ-ын “Kakao Pay”, Индонезын “DANA”, Пакистаны “Easypaisa” зэрэг компанитай хамтарч, Азийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангаж байна. 

Үүнээс гадна “Aliexpress” худалдааны платформын хэрэглэгчдийн тоо хурдацтайгаар өсөж байна. “Aliexpress” компанийн мэдэгдэлд дурдсанаар, Төв болон Өмнөд Азид 20 сая гаруй хэрэглэгч уг платформоор дамжуулан худалдан авалт хийж байгаа ажээ. Түүнчлэн сүүлийн гурван жилийн хугацаанд энэхүү хавсралтын Киргизстан хэрэглэгчдийн тоо дөрөв дахин өсжээ. Тэд ихэвчлэн хувцас хунар, цахилгаан бараа, гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авдаг гэж компанийн тайланд мэдээлжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг