АНУ-тай хийж байгаа худалдааны, технологийн дайнаас болж БНХАУ экспортлохыг хориглосон барааны жагсаалтад дрон болон лазерыг орууллаа. Тус улсын худалдааны яамны мэдэгдэж буйгаар 23 төрлийн инновацийн бүтээгдэхүүн үүнд сансрын хөлөг үйлдвэрлэхэд шаардлагатй түүхий эд, 3D хэвлэх төхөөрөмжүүд, лазерын технологи, өндөр хурдны салхин туннель үйлдвэрлэх технологи зэргийг экспортлохыг хориглолоо.

"Технологийн экспортыг зохицуулах, шинжлэх ухаан технологийн хөгжлийг дэмжих, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилготой" гэж тайлбарласан байна.

Хятадад дрон үйлдвэрлэгч, экспортлогч 20 гаруй компаниуд байдаг бөгөөд жилд 32.1 тэрбум ам.долларын экспорт хийдэг байна.

Уг жагсаалтад ургац хураах технологи, химийн түүхий эд үйлдвэрлэх технологи, биологийн хортон шавьж устгах технологи, сансрын хөлөг удирдардах, хянах технологи, эм, шүлхий өвчний эсрэг вакцин үйлдвэрлэх технологи, хиймэл оюун ухаан, дуу хоолой таних технологи, текстийг дуу болгодог технологи зэрэг багтдаг байна.

Мөн уг жагсаалтаас витамин B2 үйлдвэрлэх, кофе үйлдвэрлэх, бичил биет бордоо үйлдвэрлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах программ үйлдвэрлэх зэрэг технологийг хассан байна.