Хөвсгөл нуурт бохироо цутгасан “Далай ээжII” хэмээх жуулчны баазынхан  хараахан шийтгэл хүлээгээгүй байгаа гэнэ. Энэ асуудал “Хөвсгөл нуур-хамгаалал” сэдвээр Бишрэлт зочид буудалд өрнөсөн хэлэлцүүлгийн халуун сэдвийн нэг болсон юм. Оролцогчдын хариу нэхсэн асуултанд хариулах үеэрээ БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай  газар нутгийн  тусгай хамгаалалтын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Энхмөнх ийнхүү тайлбар хийлээ.

-“Далай ээж II”-ийн байгаа газар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны эдэлбэр газар. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Усан завины зогсоолын хэсэг байдаг. Энэ дээр орон нутгийн зүгээс хяналт үгүйлэгдэж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутагт харъяалагддаггүй гээд хамгаалалтын захиргаанаас шаардлага тавихаар хүлээж авдаггүй. Сүүлд хамгаалалтын захиргааныхан очиж шалгаад, бохироо асгаж байгааг нь тогтоосон.  Одоо энэ асуудал хуулийн байгууллагад очоод явж байна” гэсэн юм. Хэлэлцүүлэгт оролцож байсан Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын дарга Ж.Даваадамдин мөчөөгөө өгсөнгүй, түүнд ч мөн өчих үг байлаа.  

    -“Далай ээж II” жуулчны баазад асгарсан бохирын асуудал шийдэгдээгүй. Есдүгээр сарын 1-нд  Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газраас  бохирдлын хэмжээг тогтоож, Хатгалын байгаль орчны улсын байцаагч торгууль ногдуулсан чинь “Үүнийг БОАЖЯ шийднэ” гэсэн. Нутгийн иргэн бохирыг нүдээрээ хараад мэдээлэл өгсөн. Үүний хариуг одоо би яамнаас авна. Мэргэжлийн хяналтынхан бохирдлын хэмжээг тогтоож, арга хэмжээ авах гэсэн чинь   яамнаас мэргэжлийн байгууллага бохирдлын хэмжээг тогтоож, нөхөн төлбөр тогтоох ёстой, тэгж байж торгууль тавина  гэсэн. Одоо хүртэл хариу ирээгүй  гэж байна. Үүнийг та бүхэн анхаараач” гэсэн юм. 

Хэлэлцүүлгийн үеэр хариу нэхсэн асуудал нэгээр тогтохгүй.

“Эко соёл сан”, “Хөвсгөл далай ээж нийгэмлэг” ТББ,  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Улаанбаатар дахь нутгийн зөвлөлтэй хамтран хийсэн уг арга хэмжээний үеэр Хөвсгөл нуурын эко систем ба нуур хамгаалал, нутгийн иргэдэд тулгарч байгаа бэрхшээл, гарц шийдлийг олон талын оролцоотой хэлэлцэж, хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлт, уриалгыг  олон нийт, шийдвэр гаргагчдад хаяглахаар зэхжээ. 

Хөвсгөл нуур хамгаалал хэлэлцүүлэгт АХБ, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захиргаа,  нутгийн иргэдийн төлөөлөл, судлаачид, БОАЖЯ, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын төлөөлөл, иргэний нийгмийнхэн оролцлоо.

Хөвсгөл нуур байгаль экологид гарч байгаа өөрчлөлтийн талаар “Хөвсгөл далай ээж нийгэмлэг” ТББ-ын тэргүүн, биологийн ухааны доктор Ж.Оюумаа илтгэсэн юм.

“Жанхайн орчимд мал бэлчих газаргүй болсон. Цэвдэг хайлах нөхцөл бүрдсэн нь нууранд сөргөөр нөлөөлнө.  Хог хаягдал маш их байдаг. Сайжруулсан зам тавьсан. Энэ замын шороо шар усны үер, борооны усаар нуурт орж бохирдуулж байна.

Сүүлийн үед бүр хуульгүй юм шиг боллоо. Ялангуяа энэ жил тусгай хамгаалалттай газарт  байшин барилга барьж,  ой мод устгаж байна. Бохир усаа шууд нуур луу цутгаж байна. Мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүс нутгийн иргэдийг яаж эзэрхэж дээрэлхдэг жишээ энэ байна. Дээд модот булангийн цагаан хашаа гэж барьсан. Нутгийн иргэд тэмцээд хүчирдэггүй. Уугуул иргэдийн газрыг булааж байна. Малчид бэлчээр гэх юмгүй боллоо.  Иргэд байгаль хамгаалахад оролцох боломжгүй. Нутгийн удирдлага эрхээ хэрэгжүүлэх  боломжгүй болсон. Доод шатны албан тушаалтанууд дээшээ мэдээллээр хангах ёстой байх. Ингэхгүй шууд гүйцэтгэгч, даган дуурайгч болоод байна. Үүнээс болоод иргэд төрийн байгууллага хоёрын хооронд ан цав гарч, бараг л дайсан болох нь. 

 Жуулчдын даац хэтрээд, эко аялал байх үндэсгүй болоод байна. 

Цаашдаа яах ёстой талаар саналаа хэлье.

Хууль бусаар газар олгосон, одоо ашиглаагүй байгаа баазуудын газар ашиглах эрхийг цуцлах хэрэгтэй байна.

 Хөвсгөл нуурын орчимд эко аяллын стандарт гаргаач. Тэгэхгүй бол дуртай нь ирээд, хаана ч хамаагүй ухаж байдаг боллоо.


Хөвсгөл нуурыг хамгаалахын тулд шинжлэх ухааны үндэстэй, байгалийн зүй тогтлын дагуу  хөгжүүлээч. Тусад нь стандарт, хууль гаргаач. Жил болгон судалгаа мониторинг хийдэг төв байгуулъя. Бидэнд хууль дутаагүй. Байгаа хуулиа мөрдүүлмээр байна гэлээ. АХБ-ны “Хөвсгөл нуурын  усны  чанар хяналтын хөтөлбөр” төслийн удирдагч,  экологи байгаль хамгааллын судлаач О.Батгэрэл мөн илтгэл тавьсан.

Илтгэлийн дараа илтгэгчид болон БОАЖЯ-ны төлөөлөл иргэдийн асуултад хариулж, гарц шийдэл хэлэлцлээ. 

ХЭҮК-ийн референт З.Өнөржаргал:

-Тогтвортой хөгжлийн зорилтын үндсэн суурь нь ус, ариун цэврийн байгууламжийн асуудал гэдгийг дэлхий нийтэд зарласан. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор  даван туулах олон чадваруудыг бий болгохын тулд ус, ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзсэн. Монгол Улсын хэдэн хууль тогтоомжид усны асуудлыг тусгасан талаар би судалж үзсэн. Нийтдээ 55 хуульд суусан байгаа. Хөвсгөл нуурыг аялал жуулчлалын бүс болгохын тулд аялал жуулчлалын усны бодлого  тодорхойлох ёстой. Үүнийг Усны тухай хуульдаа суулгах ёстой. Монголд НҮБ-ын тусгай элч нар ойр ойрхон ирж байгаа.

Тэд ихэвчлэн байгаль орчны асуудалд анхаарал хандуулдаг.  Ус ариун цэврийн байууламжийн асуудлаар тусгай элч ирсэн. Монгол усны нэгдсэн нэг бодлогогүй бол асуудал хүндрэх юм байна. Усны бодлогын бие даасан байгууллага бий болгоод стратегийн ач холбогдол бүхий үндэсний бодлогоо оновчтой болгооч гэсэн хэмээв.

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай  газар нутгийн  тусгай хамгаалалтын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Энхмөнх хэлэлцүүлгийн үеэр оролцогчдын асуултанд хариулахдаа ийнхүү онцлов.

 - 2017 онд БОАЖ-ийн сайдын тушаалаар  Тусгай хамгаалалттай газар нутаг дээрх нүхэн жорлонг бүгдийг нь булуулсан. Ингэснээр тусгай хамгаалалттай газар нутаг дахь хөрсний бохирдлыг бууруулах ажил тодорхой хэмжээгээр үр дүнд хүрсэн юм. Энэ жил Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Хөвсгөл нууртай холбоотой асуудлууд туссан.   Тухайлбал Хөвсгөл нуурын  экосистемийн  бохирдлын эрсдлийн судалгаа хийж, нуурт живсэн машин, техник хэрэгслийг татаж гаргах асуудлаар 2021-2023 онд хийх ажлын чиглэлийг зааж өгсөн.  2021 онд нуурын гүний зураглалын судалгаа хийнэ гэж байгаа юм. Нуурт живсэн техник, хэрэгслийн бодит судалгааг гаргана гэсэн үг.   2022 оноос живсэн тоног төхөөрөмжийг гаргах эрсдлийг бууруулах ажил үе шаттай хийгдэх нь. Хог хаягдлын асуудал яригдаж байна. Тухайн газар дээрх байгаль хамгаалагчид маань ТҮК-ийн ажилтануудын үүрэг гүйцэтгэгч болж хувирсан. 95 орчим тонн хог наадмын үеэр цэвэрлэсэн. Цаашдаа олон нийтийн оролцоог хангасан, иргэдийг хамруулсан хогны менежмент хэрэгжүүлэх асуудал яригдаж байгаа. Саяхан төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаад ирсэн.  

Таны ярьж байгаа газар олголттой холбоотой асуудал, хамгаалалтын бүсэд тулгаж газар олгосон асуудалтай газар дээр нь танилцсан.  Тэр зураг нь харагдаад байгаа карьер ухсан асуудлаар  “Хөвсгөл давалгаа” гээд компанийг  хуулийн байгууллагад шилжүүлээд байна. Экологид учирсан хохирлын хэмжээг тогтоож байна. Тусгай хамгаалалтын газар нутгийн хуулиараа  газар ухах ч хориотой байдаг. Үүнийг зөрчсөн асуудлыг бид хуулийн байгууллагад шилжүүлсэн” хэмээн тайлбарласан.

Тэрбээр мөн ярихдаа “БОАЖЯ-наас тусгай ажлын хэсэг очиж ажиллаад,  найман газарт олон улсын стандартаар отоглох цэг байгуулахаар газраа сонгоод ирсэн.   Энэ отоглох цэгийг нутгийн иргэдэд хариуцуулах, хаа сайгүй майхнаа барьж буудаг зэрлэг аялал жуулчлалыг болиулна” гэлээ.

Түрүүн бас яригдсан тухайн газарт очих жуулчдын тоо тодорхой байдаг. Хөвсгөл нуурт энэ жил хэдэн жуулчин очих юм. Захиалга хийгдсэн, ачаалал хэтэрсэн бол нэмж хүн авахгүй байхаар ачааллыг зохицуулах системийг нэвтрүүлэх ажил судалгааны түвшинд явна гэв.

Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын холбооны Я.Отгонбаярт ярих юм их байлаа.

“Бид Америкт тусгай хамгаалалтын газруудын туршлага судалж яваад, энэ байгууллагыг зорилготой байгуулсан юм. Одоо манай холбоонд нэгдсэн 30 гишүүн байгууллага  эко аялал жуулчлалыг зөв хөгжүүлэхэд гол анхаарал тавьдаг. 

БОАЖЯ бусад холбогдох байгууллагуудад ажлаа ойлгуулах ажил хийдэг. Байгуулагдсан цагаасаа Монголын жуулчны байгууллагуудын чуулга уулзалт анх хийсэн. Хөвсгөлийн үнэ цэн үнэхээр унаж байна. 5000 төгрөгийн гэр хүртэл байна. Гэтэл бид 50 мянган төгрөгийн гэр санал болгодог. Өнөөдөр аялал жуулчлалын хуулинд Тусгай хамгаалалттай газар аялал жуулчлалын үйл ажиллагааг аж ахуйн нэгж хэрхэн явуулах тухай заалт бий.  Тэр бохироо асгасан байгууллага хувийнх.  Тусгай хамгаалалтын газраас гарчихсан жинхэнэ дураараа дургиж байдаг. 

Хатгалын ундны ус бохирдоод байдаг. Тусгай хамгаалалтын газрынхан, төрийн байгууллагынхан очоод шаардлага тавина.  Тусгай хамгаалалтын газраас гараад тусгай зөвшөөрөл байхгүй болоод, дураараа дургиж байгаа хэсэг бий. 

Бидэнд гурван сонин юм байгаа. Хууль дагадаг нэг хэсэг, огт хуулинд захирагддаггүй нэг хэсэг бааз байна. Дураараа хаана л бол хаана хашаа зоогоод, түүнийгээ зардаг нэг хэсэг бүлэг байна. Энийг яах вэ гээд БОАЖ-ийн шинэ сайдад бид бичиг өгсөн.

 Хятад эзэнтэй бас тусгай хамгаалалтаас гарчихсан газрууд байдаг.

Тэд дураараа дургиж, бохироо асгана уу, байна уу хяналтгүй. Ийм туйлын тэгш бус үйл ажиллагаа явж байдаг.

Хатгал тосгоны захиргаа, Тусгай хамгаалалтын газрынхан, манай холбоо санаачлаад, хогийн машин, хогийн уутыг гаргаж ирсэн.Швейцарийн төслөөс санхүүжүүлж байсан ч тэр төсөл нь дуусч байгаа. Үүнээс хойш хогийн уут, машиныг хэн гаргах вэ гэдэг толгойн өвчин болж байгаа. 

Жуулчдаа уул руу гар, ууланд гоё байдаг гээд шавар, намаг, модон дундуур төөрүүлж байхаар ганц уулын аяллын жимтэй болчихъё, хэдхэн төгрөг өгчих, бид ажилчдаа гаргаад хийчихье гээд "ахалсан". 

   Одоо АХБ-ны хэрэгжүүлэх төслөөр машины зогсоол хийх юм байна. Бид хэлсэн. Уучлаарай бид жуулчнаа амраамаар байна. Машины зогсоол хийхээ болиочээ, гуйж байна гэсэн.  Бид ямар санал тавьсан гэхээр Хатгалыгаа дагуул хот болгоё. Өнөөдөр бид хог, бохироо ярьж байхад дуу чимээний асуудал бас санаа зовоож эхэллээ. Шөнө болохоор хөгжмөө чирч ирээд, голын эрэг дээр бүжиглээд, том том шоу хийгээд, жуулчин үргээгээд байгаа юм.  Өнөөдүүл нь баахан шоудаж нэг ч төгрөг үлдээхгүй явдаг.  Үнэ цэн үлдээдэггүй олон жуулчнаар тэр газрыг талхлуулах юм уу эсвэл өндөр үнэ төлж чадах хүмүүсийг аялуулахад анхаарах уу.   

Эко аялал жуулчлал гэдэг чинь дуу чимээ багатай, загас, шувуу нь үзүүлэх аяллыг хэлээд байгаа юм. 

Цагаан хашаа гээд яриад байдаг.  Д.Оюунхорол сайд байхдаа газар олгосон. Хэдэн жуулчиндаа шувуу үзүүлдэг  зам дээр цагаан хашаа байгуулчихсан шүү дээ.  

Түүнтэй нь барьцаад цагаан хашаа болж байгаа юм чинь бид нар энэ рүү бууна гэдэг.  

 Нуурын эргээс хоёр метр газарт байж ч болохгүй бааж ч болохгүй гээд арай ядан мөрдүүлж байтал нөгөө цагаан хашаанд зөвшөөрөл өгөнгүүт, нутгийнхан нүхэн жорлонгоо бариад хажууд нь буучихсан. Одоо яг тийм байгаа шүү дээ. 

 Үнэндээ даргаас олон зүйл шалтгаалдаг юм байна. Бид төрийн байгууллагуудтай олон жил хамтарч ажилласан. 

Өмнөх даргыг байхад “Даваабаяраа, энд ингэж байна” гэхээр шөнөдөө мотоциклиор байцаагч явуулдаг байсан. Гэрээт байгаль хамгаалагчийн цалинг бид өгсөн, цагдаа ажиллуулсан.  Баазууд мөнгө төлж, холбооноосоо мөнгийг нь гаргасан. Энэ жил шинээр очсон дарга нэг ч үзэгдээгүй, байцаагч нар нь ч ажиллаагүй.

   Бид ингэж ярьдаг. Дагуул хотдоо, Хатгалдаа хямд амрах хүмүүс нь бууг. Хатгалд том зогсоолоо бариад, тэнд нь машинаа зогсоогоод, өдрийн аяллын автобусанд өндөр үнэ төлөх аялагчдаа суулгаад, тусгай хамгаалалттай газартаа нэвтрүүлдэг  байхаар зохион байгуулъя гэж хүсч байгаа юм” гэв.