Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар Улаанбаатар хотоос орон нутаг руу болон орон нутгаас Улаанбаатар руу буцах иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс явуулах шийдвэр гаргасан. 

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын тушаалаар тэдгээр иргэдийг хэрхэн явуулах буюу “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ыг баталжээ.

Тус журамд зааснаар төв суурин газраас бусад төв суурин газар руу буцах шаардлагатай иргэд, оюутнууд нь нийтийн, албаны, хувийн гэсэн 3 төрлийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой.

Зорчих хүсэлтэй иргэн нь https://119.mn/ сайтад нэвтэрч, "Хот хооронд зорчих хүсэлт" хэсгийг сонгон өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж, шинжилгээ өгөх цэг болон цагаа авна. /Тус хүсэлтийг бөглөхдөө хувийн юмуу нийтийн тээврийн хэрэгслээр зорчихоо сонгоно/

Шинжилгээний цагаасаа 10 минутын өмнө очиж, бүртгэлээ шалган шинжилгээндээ орно. Цагтаа ирээгүй бол цаг цуцлагдана.

Иргэд, гадуур байрладаг оюутнууд зорчих хугацаанаасаа 48 цагийн өмнө шинжилгээ өгсөн байна. Дотуур байрны оюутнууд зорчих хүсэлтээ гаргасны дараа Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гаргасан хуваарийн дагуу шинжилгээний тусгай баг оюутны байр бүрт очиж шинжилгээ авна.

Дээрх шаардлагыг хангасан иргэд зорчих эрхтэй болох бөгөөд Улсын онцгой комиссоос гаргасан хуваарийн дагуу нийтийн тээврийн хэрэгслийн зорчих тийзийг холбогдох байгууллагын тасалбар түгээх төв рүү цахимаар холбогдон авснаар таны зорчих өдөр, цаг тодорхой болно.

Хувийн, албаны, нийтийн тээврээр зорчих иргэд https://119.mn/ сайтаас өөрийн шинжилгээний хариутай ирсэн QR кодыг хэвлэн авч, бичиг баримттайгаа биедээ авч яваад замын шалган нэвтрүүлэх пост бүрт шалгуулна.

Нийтийн тээврээр зорчих иргэд хоёр цаг тутам солих нэг удаагийн амны хаалт, бээлий, өөрийнхөө хогийг хийх хогийн уут, гар ариутгагч, хоол, хувийн хэрэгцээний зүйлсээ бэлтгэн авч явна. Амны хаалтаа тогтмол зүүнэ. Бусдад хүрэхгүй.

- Жолооч тээврийн хэрэгслээрээ авч яваа иргэдээ өөр чиглэлд авч явахгүй. Зааснаас өөр газарт буулгахгүй.

- Нутаг буцсан иргэд өөрийгээ гэртээ 14 хоног тусгаарлана.

- Шинжилгээний хариу нь эерэг гарсан болон сэжигтэй иргэдийг зорчуулахгүй.


Дээрх журмыг бүрэн эхээр нь хүргэж байна.