Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд өчигдөр мэдээлэл хийж, шинэ коронавирусийн дэгдэлтийн үед Засгийн газар эдийн засгийг дэмжих чиглэлээр тодорхой хариу арга хэмжээ авахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн. Тодруулбал,


1.  2020 оны дөрөвдүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-н хүртэл зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж, компаниудыг НДШ-ээс чөлөөлөх

2.  Дээрх зургаан сарын хугацаанд ажилтан, албан хаагчдын цалин, хөлст  ХАОАТ ногдуулахгүй байх,

3. Мөн дээрх зургаан сарын хугацаанд албан татвар ногдох орлогын дүн нь өмнөх татварын жилд 1,5 тэрбум төгрөгөөс бага албан татвар төлөгчдийг ААН-ийн ОАТ-аас чөлөөлөх,

/ашигт малтмал, цацраг идэвхит ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах, согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах үйл ажиллагаа хамаарахгүй/

4.  COVID-19 халдварын тархалт, халдварын эрсдлээс сэргийлж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа нь доголдож орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох,

5.  Ноолуур бэлтгэлийн цаг болсонтой холбогдуулан, малчдын амжиргааг дэмжих зорилгоор ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд гурван хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл олгох. Шаардагдах 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэх,

6.  Хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10.000 төгрөгөөр нэмэгдүүлж олгох,

7.  2020 оны 04.15-аас бензин, шатахууныг литр тутамд 300, түүнээс дээш төгрөгөөр бууруулах арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдсэн.

Өндөржүүлсэн бэлэн бйадлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх энэхүү хариу арга хэмжээнд нийт 5,1 их наяд төгрөг шаардагдана хэмээн тооцоолжээ.

Ерөнхий сайдын мэдээллийн дараа хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн асуулт иргэдийн зүгээс нэлээд ирсэн. 

Засгийн газар уг асуудлыг судлаад хувиараа нийгмийн даатгал төлдөг иргэдийг дээрх зургаан сарын хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг цахим хуудсаараа мэдэгдсэнийг хүргэж байна.