Анх хадмынд орж ирээд соёл болоод үзэл бодлын шоконд орсоноо ерөөсөө мартдаггүй. Нөхөр маань өвөө эмээ дээрээ өссөн хайртай ач хүү нь. Тэднийд бид анх амьдарч эхэлсэн дээ. Танилцаж нэгнээ танихын хажуугаар амьдрал сурна гэж нададаа л том даалгавар. Өвөө эмээ нь бүх ажлыг хамтдаа хийцгээдэг туйлын ажилч хичээнгүй улс. Оройн хоолны цаг болоход нэг нь махаа татаж байхад нөгөө нь гурилаа зуурна. Бараг хоолны хувингийн таглааг нэг нь авч нөгөө нь давс хийдэг гэвэл дэгсдүүлсэн хэрэг болохгүй. 

Амьдралаа энэ тэнцүүхэн үүрч бүх зүйлийг хамтдаа хийж сурсан нүднээ илхэн. Тэр үед хадам эмээ маань 72-тай, хадам өвөө маань 76-тай байж. Эмээ олон таван үггүй. Хааяахан ам халвал эмээ нь залуудаа согоо явлаа гээд нүд нь гялалзаад ярьдагсан. Хумсаа урт ургуулдаг залуу сайхан эхнэрээ тэр бүр ажилд оролцуулдаггүй эсвэл гэрийн ажлаа элбэж хийдэг байжээ өвөө маань. Цалингаа аваад эхнэртээ юу дуртайг нь авч өгнө. Яг л энэ зангаараа нэг насыг хамтдаа туулцгааж. Тэр нь ч 70 гарсан ч толиотой сайхан эмээгийн царай, ааш аалинаас харагддагсан.

Нөхрийг маань өөриймсөж гамнаад байхгүй. Хоол унд хийх, хог цэвэрлэх бүхий л ажилд дайчилна.Манай хүн ч 2 хөгшиний хэв маягаар амьдраад сурчихсан нь надад таалагдсан магадгүй түүндээ улам их татагдсан даа. Харин миний өссөн нөхцөл, эргэн тойрон маань үүний эсрэг тэсрэг.  Нөхрүүд бол аар саархан ажил хийнэ гэж бараг байхгүй. Гэрийн ажлыг бол эмэгтэй хүнд оногдсон ажил, үүрэг гэж ойлгоцгооно. Хэдийгээр нагац нараа хүндэлдэг ч энэ хандлага надад огтхон таалагддаггүй байсан нь үнэн. Тиймдээ ч нэг удаа манайд ирэхдээ хоолоо хийж байгаа нөхрийг маань хараад бөөн юм болцгоосон. Нөхрийн нүдэн дээр намайг загнаж, айлын эхнэр байж эр хүнийг гал тогоотой хутгалаа гэцгээв. Тэглээ ч нөхөр минь тоогоогүй, надад тусласаар бид бүхнийг хамтдаа хийж амар сайхандаа жаргасан эмээ өвөөгийнхөө үлгэр сургаалиар амьдарсаар явна. Гуних, туних үе байлаа ч хамтдаа зарчимаа гээгээгүй.

Хамтдаа ажлаа хийнэ гэдэг ерөөсөө ч тээр төвөг биш аз жаргал юм гэдгийг амьдралаараа зааж сургасан тэр буурлуудад би талархаад баршгүй. Энэ 2 гэр бүлийн эмэгтэйчүүдээс би бас нэг зүйлийг олж харсан. Бүхнийг нуруундаа үүрсэн бүсгүйчүүд цагаасаа эрт гоо үзэсгэлэнгээ алддаг юм байна лээ.

Бас бараг л өөрийгөө нээж ч амжихгүй, хэзээ ч биелэхгүй хүсэл мөрөөдөлтэйгээ л амьдралаас буцацгаадаг нь харамсаар. Харин хань нөхөр нь дэмжиж  хамждаг бол бүсгүйчүүд өөртөө итгэл дүүрэн амжилтанд хүрч сайхнаараа өтөлдөг юм билээ.
Би гурван хүүхдийн ээж. Тэднийгээ бас л энэ сургаалиар өсгөхийг хичээдэг. Ялангуяа хүүтэй гэр бүлүүд “хамтдаа” зарчмаар хүүхдээ хүмүүжүүлчихвэл амьдрал гээч ямар хялбар бөгөөд жаргалтай болохыг ирээдүйн хадам ээж аавууд төсөөлөхгүй дээ.

Эх сурвалж: https://www.facebook.com/JournalistMom/notifications/