Цагаан сар бол монгол түмний хүндэтгэл бахархлын их баяр байдаг. Энэхүү баяраар монголчууд эхлээд ахмад настнуудынхаа амрыг эрж золгож мэндэлчихээд суудалд сууж хөөргөө зөрүүлдэг. Хөөрөг зөрүүлэхдээ тухайн хүнээ хүндэтгэх мэхийсхийн өгдөг уламжлалтай. Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцоно. Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийлэл болдог ажээ. 

Монголчууд хөөрөг сонгохдоо чулууг нь онцолдог нь учиртай. Энэ нь хүн бүр өөртөө ээлтэй чулуугаар хөөргөө хийлгэвэл ажил үйлс бүтэмжтэй, эрүүл энх байхыг бэлгэдэл юм. Мөн тухайн хүн өөрийнхөө ажил, ахуйд зориулан чулуугаа сонгодог. Жишээ нь, “дайны улаан” буюу Чуна мана гэдэг чулуу бий. Энэ чулуу нь хүчирхэг байдлыг бэлгэддэг. Чуна мана зүүж явсан цэргүүд дайнаас бүгд амьд эргэж ирсэн түүхээс сэдэвлээд дайны улаан гэж нэрлэсэн байдаг.


Хаш хөөрөг эмчлэх увьдастай

Чулуун зэвсгийн үеэс хүмүүс хашийг ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн байна. Хаш хэрэглэсэн хүн бадамлянхуа цэцэг мэт ариухан сэтгэлтэй болдог гэнэ. Монголчууд хашийг бөөр эмчлэх увидастай, айл гэрт аз жаргал авчирч, урт удаан хамтран амьдрахад тусладаг, яс хурдан бороолуулдаг гэж үздэг. Мөн гэнэтийн аюулаас зайлуулдаг гэх нь  бий. Хаш зүрх сэтгэлийг амгалан болгодог, догшин авирыг номхотгодог чадалтай. Хаш хөөрөг элэгдэх тусмаа өнгө орж, гөлгөр болдог.


Манан хөөрөг эзэн, эд хөрөнгө хамгаалдаг

Дэлхийд 5000 шахам төрлийн эрдэнийн болон гоёлын чулуу байдгаас мана гэхэд л 112 төрөл байдаг. Монголд судалт, улаан, хөх цэнхэр, чац, замагт, нүдэт, булчирхай, чуна, хар тэнзэн, навчит, усан, цэхэр, цэврүүт, толбот гээд энэ бүх төрлийн мана Монголд бий. Найрлагадаа элдэв язгуур мах бодийн багахан хольцтой далд талст болорыг мана гэнэ. . Халтар мана саа, үе мөч татах өвчнийг анагаадаг бол, шар мана солиорлоос хамгаална. Мана гэр бүлийн аз жаргалыг янз бүрийн аваар осол, гэнэтийн гай тотгороос хамгаалдаг гэж үздэг.


Шүрэн хөөрөг баяр баясгалан бэлэглэх бэлгэдэлтэй

Шүрийг зөнч мэргэдийн сахиусан чулуу гэх нь бий. Шүр нь атаа жөтөө, хар хорын сэтгэлийг зайлуулж, муу бүхнээс хамгаалдаг. Аянга цахилгааныг зайлуулдаг, ой тогтоолтыг сайжруулдаг, шарх сорви, ярыг эдгээж, ангиныг анагааж, хордлого тайлдаг тустай. Төрөх гэж буй эх цагаан шүрэн хөөргийг алганы хээгээр үрэхэд хүндрэлгүй төрдөг. Хойтох нь саатдаггүй гэнээ. Тийм ч учраас хөөрөг дотроос шүрэн хөөрөг хамгийн үнэтэй нь бөгөөд шүр нь баяр баясгалан бэлэглэх бэлгэдэлтэй ажээ.


Номин хөөрөг эрүүл мэндэд ээлтэй

Биедээ байнга авч явбал яр шарх гардаггүй. Номин эдэлбэл хортой зүйлд осолдох, яр шарх, усны болон татах өвчин, үрэвсэл, түлэгдэлт, бэртэл гэмтэл, цус багадалт, мэдрэлийн ядаргаа, астам зэрэгт сайн. Номин өөрийн авъяас чадварыг дайчлахад тусалдаг. Матар, мэлхийн ордныхонд сайнгүй. Төрсөн жил, орд, гарал үүсэл зэргээ бодолцон барих хөөргөө сонговол өөдрөг байна.


Сүүжин хөөрөг бүх ордныхонд ээлтэй

 Энэ хөөргийг аль ч ордныхон барихад сайн. Усан молор нь хүмүүст энерги их авчирдаг. Сүүжин хөөрөг нь арслангийнханд хөөрүү сэтгэлээ дарах, хониныхонд санхүүгийн хүндрэлээс гарахад, хумхынханд ирээдүйгээ харахад тусалдаг.

Сувдан хөөрөг: Сувд эрүүл энх, аз жаргал, урт насыг бэлэглэдэг. Ийм хөөрөг загасны ордныхонд тун ээлтэй. 


Элбэг амьдралыг тэтгэгч оюу хөөрөг

 Оюу бол аз жаргалын чулуу, үнэнч дурлалын бэлэг тэмдэг. Ийм хөөрөг хэрүүл тэмцлийг номхотгож, атаа хорсол, үзэн ядалтыг зөөлрүүлэн намжаах, гэр бүлийн гишүүн эв эеийг бататгадаг. Оюу элбэг дүүрэн амьдралд хүргэдэг ажээ. Оюу хөөрөгтэй хүний амны хишгийн сахиус зүүсэн хүнтэй адилтган үздэг. 

Ундрам хөөрөг: Жинхэнэ ундрам хөөрөг ховор. Ихэвчлэн хиймэл керамик маягийн байдаг учир төдий л үнэтэй биш. 

Чүнчигноров хөөрөг анагаах ач тустай

Чүнчигноров нь зөвхөн Монголд л байдаг эрдэнийн чулуу бөгөөд түүгээр хийсэн хөөрөг нь эзэндээ маш ээлтэй, түүнийг хэрэглэж байсан хүн хойд төрөлдөө дээд төрлийг олдог хэмээн бэлгэшээдэг.

Энэ эмчлэгдэхгүй өвчинг жинхэнэ  сайн чанарын чүнчигноров хөөргөөр эмчлэж  болдог юм байна. Энэ бүгд нь  хий хоосон  яриа мэт санагдах боловч одоо   болтол  эл өвчнийг энэ л аргаар эмчилдэг гэнэ лээ. Архангай аймгийн Хайрхан  сумын  баян Пүрэвдорж гэдэг хүний  чүнчигноров хөөрөг  хүү  Данзанравжаад  нь байдаг.  Тэднийд одоо ч  өвчнөө эдгээх гэсэн  хүмүүс хөөргийг нь  гуйж очдог хэвээр.